ОЮУТНУУДАД 7-14 ХОНОГИЙН ЧӨЛӨӨ ОЛГОХООР БОЛОВ
Манай орны ихэнх аймаг, сумдын малчид хүндхэн өвлийн давж хавартай золгосон. Гэвч улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь зузаан цасан бүрхүүлтэй байна. Одоогийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймгуудад нөхцөл байдал хүндэрсэн байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан БСШУЯ-наас их дээд сургуульд суралцаж буй орон нутгийн оюутнуудын дунд "Малчин оюутан" аяныг зарлажээ. Уг аяны хүрээнд хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлтэй оюутнуудад 7-14 хоногийн чөлөө олгохоор боллоо.
Чөлөө авсан оюутнуудад хичээл нөхөх бололцоог бий болгоно гэж БСШУЯ-ны ажилтан Д.Гантөмөр мэдээллээ.
Мөн малчин түмэндээ туслах "Нэг хүүхэд-нэг нэмнээ", "Малчин оюутан" аяныг зохион байгуулахад сайн дураар оролцож идэвхи зүтгэлтэй байхыг дунд сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудаасаа хүслээ.