Монгол Улсын үндэсний цөөнх болох казак ард түмний билэгдэл амьд бүргэдийг сурталчлахаар онцлов
Монголын Залуучуудын Холбооноос Олон улсын чанартай оюутан залуусыг хамарсан “Хаврын баяр” өдөрлөг III дахь удаагаа Монгол Улсад зохион байгууллагдаж байна. Оролцогчид нь орон орныхоо онцлогийг харуулсан үндэсний хувцастайгаа ирсэн бөгөөд өөрсдийн цагаан сар тэмдэглэх ёс заншлаа танилцуулан урлагийн үзүүлбэр сонирхуулж, өөрийн улс орныхоо ёс заншилыг сурталчлах, соёл уламжлалаа бие биедээ таниулах зорилго бүхий тус арга хэмжээ зохион байгуулагдав.
Уг өдөрлөгт ОХУ, БНХАУ, БНАСУ, Өмнөд Солонгос, Лаос, Вьетнам, Афганистан, Казакстан, Япон зэрэг орны оюутан залуус хамрагдснаас гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын төлөөлөл урилгаар оролцов.
Тэгвэл “Хаврын баяр” өдөрлөгийг Гэр бүл байнгын хорооны дарга С.Бауыржаны зүгээс ач холбогдол өгч Монгол Улсын үндэсний цөөнх болох казак ард түмний зан заншил, ахуй амьдралыг сурталчлахаар оролцсон бөгөөд казак ард түмний бэлэгдэл болсон амьд бүргэдийг онцолж оролцуулснаар олзуурхаштай, бусад орныноос содон онцгой байлаа. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн уугал хүү Зулжалел өөрийн бүргэдтэй оролцов.
Бүргэдтэй холбоотой казах ардын зарим зан үйлээс дурдахад: Уулын бүргэдийг анх барьж ирэхэд гэрийн эзэгтэй идээний дээж өргөн цацал үйлдэж, хүүхэд багачуул цацалын идээ булаалдан, баяр хөөр болцгоодог. Бүргэдийн малгай, ар нуруунд шар шувууны өд хадаж, элдэв муу муухайгаас сэрэмжлэхийг бэлгэдэх ёсон бий. Бүргэдийг эдлэх хугацааг хүн бүр янз бүрээр тооцоолдог. Юутай ч гэсэн хээрийн тэнгэрлэг энэ амьтан өөрийн дураар амьдарч, шувуун хорвоогийн сайн сайхныг эдлэх ёстой гэж үзээд, тодорхой хугацааны дараа тавиад явуулдаг. Нялх хүүхдийг анх өлгийдэхэд казахууд өлгийний толгойд бүргэдийн сарбуу, хумс тавьж сүсэглэдэг. Эх хүн төрөлтийн хүндрэлтэй үед хагшсан бүргэдийн сүрийг үзүүлэн, сэтгэл зүйн талаар нөлөөлөх гэж оролддоно. Казахын бөө, удганы ихэнхи нь бүргэд онгодтой байдаг нь бас л түүнийг хүндэтгэн бишрэх явдалтай холбоотой болов уу? Эмэгтэй хүн бүргэдийг гар дээр суулгадаггүй уламжлалтай. Нүүдэл суудал болоход бүргэдийг гэрийн эзэн, эрэгтэй хүн авч явна. Хэрэв гэрийн эзэн эзгүй бол өөр эрэгтэй хүн барина, эсвэл ачаатай тэмээний нуруун дээр суулгана. Бүргэдээр ан авласан хүн “Олзыг олуулаа” гэсэн жаягаар анхныхаа олзыг хамгийн ахмад хүнд барина. Ангийн олз хүртсэн хүн ерөөл хайрлаж, сайн сайхныг хүсэх учиртай. Бүргэд цаг бусаар үхвэл түүнийг анх авсан оргил орчимд хүндэтгэн оршуулна.
МУСГЗ, доктор, профессер Т:Султан