ЭЕШ-ын 2016 оны ОНЛАЙН бүртгэл эхэллээ

2016 оны 2 сарын 17
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2016 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д хандана.
            ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
            Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
            Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
           Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
            Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
           Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
-  Бүртгэлийн хуудас
а. Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх
           - Суудлын хуваарь
           - Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
           - Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
  1. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дарааwww.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mnвебсайтад байршуулан нийтэд зарласан байна.
2016 оны 07 дугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг тарааж дуусгасан байна.
Энэ жилийн ЭЕШ-ын онцлог.
Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт орсон. Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их дээд сургууль, коллежид элсэгчдийн  эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл,  эх хэлний дархлааны түвшинг тогтоох,сайжруулах зорилготойгоор  элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө.
Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна. Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Мөн ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа. Хариултын хуудсыг бөглөхдөө  балын харандаагаар бөглөх болсон. ЭЕШ-ын засалтад олон улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэх гэж байгаатай холбогдуулаад дээрхи өөрчлөлтийг хийж байгаа.Энэ өөрчлөлт нь шалгуулагчдад бас таатай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тухайлбал шалгуулагч хариултын хуудсан дээрээ эхлээд буруу бөглөсөн байлаа гэхэд түүнийгээ баллуурдаж эцсийн сонголтоо үнэн зөвөөр нь будах боломжтой гэсэн үг. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой.
БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12-р анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан.   Энэ нь төгсөгчдийн хувийн мэдээлэл алдаагүй бүртгэлийн програмд орж бүртгүүлэх алхам болсон.Энэ жил төгсөж байгаа шалгуулагчид регистрийн дугаараа эхэлж оруулахад өөрийн хувийн мэдээлэл автоматаар гарч ирнэ. Өөрийн хувийн мэдээллийг сайтар нягталж шалгаад цааш нь бүртгэлийг үргэлжлүүлэх боломжтой.
Мөн монгол хэл бичиг болон ЭЕШ-д орохын өмнө өөрийн бүртгүүлсэн нууц үгээрээ нэвтрэн суудлын хуваариа хэвлэж аван хаана шалгалт өгөхөө мэдэх юм.
Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар манай мэргэжилтнүүд 2 сардаа багтаагаад нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулна.
Монгол хэлний тухай хуулийн 7.4 –д ”их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ”гэж заасны дагуу  монгол бичгийн даалгаврын тоо нэмэгдэнэ гэсэн үг юм.
ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28949
0 эможи
keyboard_arrow_up