Мэргэжлээ сонгоход АМАРХАН болжээ

2016 оны 2 сарын 16

Мэргэжлээ сонгоно гэдэг төгсөх ангийн сурагчдын хувьд туйлын чухал алхамын нэг байдаг. Гэвч тухайн сурагчийн эзэмшихийг хүсч буй мэргэжлээр хаана ажиллаж, хэдэн төгрөгийн цалин авч болох, хаана сурч болох эсэх талаархи  багц мэдээллийг өгөхүйц вэбсайт өмнө нь манай улсад байгаагүй билээ. Тэгвэл Монголдоо анх удаагаа мэргэжил сонгоход туслах “mergejil.mn” мэдээллийн сайтыг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвөөс ажиллуулж  эхэлжээ. Энэ талаар Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвийн программ хангамж, мэдээлэл техникийн хэлтсийн дарга Ж.Баасандоржоос тодрууллаа. 

-Мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд, залууст зориулсан вэбсайтыг нээсэн гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Мэргэжлээ сонгох гэж буй төгсөх ангийн сурагчид эсвэл өөр мэргэжил эзэмшихийг  хүссэн хүмүүст мэдээлэл өгөхөд зориулсан “mergejil.mn” сайтыг нээж ажиллуулж эхэлсэн.  Вэб сайтад зах зээлд эрэлттэй гэсэн аж үйлдвэр, барилга, мэдээллийн технологи, уул уурхай, тээвэр гэх мэт салбарын нийт 40 мэргэжлийг сонгож, тэдгээрийн талаархи багц мэдээллийг оруулсан.

Ямар ажил гүйцэтгэх, тухайн мэргэжлийн онцлог, цалин хөлс, мэргэжлийг эзэмшихдээ сурч болох сургалт, хаана сурч болох гэх мэт хэрэгцээт мэдээллүүдийг багтаасан байгаа. Үүнээс гадна хууль эрхзүйн орчин, зах зээл дэх эрэлт ямар байгаа, хаана ажиллаж болох, хэдэн зэрэг дэвээр мэргэжлийг эзэмших вэ, цаашдаа ямар сургуульд сурч мэргэжлээ дээшлүүлэх боломжтой талаархи мэдээлэл ч бий. Мөн мэргэжлийн онцлогийг харуулсан дүрстэй мэдээ байгаа. Цаашдаа вэб сайтынхаа мэргэжлийн тоог нэмэгдүүлэхэд анхаарах болно. Мөн өөр чухал багц мэдээллүүдийг ч нэмэх төлөвлөгөөтэй байгаа. 

-40 мэргэжил гэлээ. Тухайлбал, ямар ямар мэргэжлийн талаархи мэдээлэл байгаа вэ?
-Тухайлбал, барилгын өрлөгчин, шаварчин, хүнд машин механизмын засварчин гэх мэт одоогийн байдлаар эрэлт хэрэгцээ ихтэй байгаа мэргэжлүүдийг сонгосон. Зүгээр ч сонгосон зүйл биш. Судалгаан дээр үндэслэсэн. Манай төвд маш том программ хангамж ажиллаж байгаа шүү дээ. Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн сан гээд. Түүнд  сүүлийн үед хамгийн олон ажлын байр зарлагдсан, зуучлагдаж орсон, хүмүүсийн дунд их эрэлттэй байгаа мэргэжлүүдийг сонгосон. 

-Вэб сайтыг хэрхэн ашиглах вэ?
-Хайлт гэсэн хэсэгт өөрийн эзэмшихийг хүсч буй мэргэжлийнхээ нэрийг бичихэд сонголтууд гарч ирнэ. Тухайлбал, тээврийн салбарыг сонголоо гэж бодвол  автомашины засварчин, автомашины кузов засварчин гэсэн сонголт гарч ирэх болно. Үүнээс автомашины засварчин гэх мэргэжлийг хэрэглэгч сонгоход, хийж гүйцэтгэх ажил, ажил мэргэжлийн үндсэн үүрэг чиглэл, ирээдүйд ахиж дэвших боломж, цалин хөлс, сургалтын хөтөлбөр гээд тухайн мэргэжлээр сургалт эрхэлж буй сургуулиудын хаяг байршил гэх мэт хэрэгцээт бүх мэдээллээ авах боломжтой юм.  Мэдээж цааш цаашдаа мэргэжлийн тоог улам нэмэгдүүлнэ. 

-Манайд өөр ийм зорилго, чиглэл бүхий мэдээллийн сайт байдаг болов уу?
-Байхгүй. Анх удаагаа мэргэжил сонголтод тусламж үзүүлэх зорилгоор нээгээд байна. Зөвхөн ахлах ангийн сурагчдад зориулсан зүйл биш. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүддээ мэргэжлийн зөвлөгөө өгдөг шүү дээ. Тиймээс эцэг эхчүүдэд ч гэсэн зориулсан мэдээллийн сан  байгаа юм. Дэлхийн хаанаас ч нэвтэрч мэдээллээ авах боломжтой. 

-Гар утаснаас нэвтрэх боломжтой апп байгаа юу?
-Байгаа. IOS болон Андройд системтэй бүх гар утаснуудад суулгаж, ашиглах боломжтой апп бий. Хүссэн хүн бүр гар утас дээрээ татаад суулгаж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28867
1 эможи
keyboard_arrow_up