"Өөрөө зохион бүтээдэг, шинийг санаачилдаг ИНЖЕНЕР болоорой"
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Япон улсад 1,005 инженер сургаж бэлтгэх "Инженер, Технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Японы Коосэн сургууль болон их, дээд сургуулиудад суралцах оюутан, багш, судлаачдад эрхийн бичиг, батламжийг нь БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр гардууллаа.
Тус ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцлоо.
Та нарын ах буюу Японоор бол "Сэнпай"-ын хувьд хэлэхэд: Япон хүмүүс бол их хөдөлмөрч ард түмэн. Тэдний ажилсаг чанар, хүнлэг байдал, ажилсаг зан чанараас суралцаасай. Түүнчлэн дүнгийн араас битгий яваарай. Харин лабораторид их цагийг өнгөрүүлээрэй. Мөн цагийн ажил хийж, мөнгөний араас битгий гүйгээрэй.
Нийт мастер, доктороор явах гэж буй багш нараас хүсэхэд: Япон найзтай болоорой. Бид Япон эрдэмтэдтэй ойртсоноор дэлхийн дэвжээнд хурдацтай гарах боломжтой болно. Тиймээс диплом авахдаа гол биш, багш нартайгаа яаж насан туршийн найз болох вэ гэж бодож, хүнийхээ хувьд чин сэтгэлээсээ суралцаасай гэж хүсмээр байна.
Холбогдох хүмүүст хэлэхэд Япон руу явах хүртэл нь эдгээр хүмүүст Японд хэрхэн биеэ авч явах, түүнчлэн амьдрах сэтгэл зүйг нь зааж өгөөрэй" гэлээ.
Элчин сайд Такенори Шимизү хэлэхдээ "Намайг энэхүү ёслолын арга хэмжээнд урьсан та бүхэндээ баярлалаа. Юуны өмнө Японд суралцахаар болсон нийт оюутнууд, багш нарт чин сэтгэлээсээ баяр хүргэе. Л.Гантөмөр сайд бол Японы улсын зардлын тэтгэлгээр та бүхний адил Коосэн сургуулийг төгссөн. Тэрээр Японд эзэмшсэн мэдлэг туршлагаа Монголынхоо хөгжилд зориулж байгаа нэгэн. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үг шиг та бүхэн ч гэсэн зорьсон зорилгынхоо төлөө хичээнэ гэдэгт итгэж байна. Сайдын хэлдэг шиг Японд байх хугацаандаа Японы соёл, түүхээс суралцаад, эх орондоо ирээд юуг хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг бодоорой. Мөн өөрийн орны соёл, түүхийг Япон хүмүүст танилцуулаарай. Эцэст нь нийт хариуцсан багш болон суралцахаар болсон бүх хүмүүст баяр хүргэе. Аз жаргал хүсье" гэв.
Энэ төслийн хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас суралцахаар болсон нийт 94 оюутан, багш, судлаачдад (Японы Коосэн сургуульд 24 оюутан, Япон улсын их дээд сургуулиуд болон судалгааны төвүүдэд туршилт, судалгаа хийхээр 56 багш судлаачид зэргийн бус сургалтын хөтөлбөрт, магистр, докторын зэрэг хамгаалах 14 багш) өнөөдөр батламжаа гардан авлаа.