"Хүүхэд харах үйлчилгээ" хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ
Өдөржин гэртээ ганцаараа үлддэг хүүхэд хичнээн олон байдгийг мэдэхгүй хүн олон бий. Гэсэн ч гэртээ ганцаараа байж байгаад цонхноос унасан, жорлонгийн нүхэнд унаж нас барсан гэх эмгэнэлт мэдээ байн, байн дуулддаг. Харин гэртээ ганцаараа байж байгаад түлэгдэх, гэмтэх тохиолдол илүү олон гардаг гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс ч жилд эндсэн хүүхдийн ихэнх хувийг гэртээ ганцаараа үлдсэн хүүхдүүд эзэлж буйг харамсалтай судалгаа баталж байна. Гэртээ ганцаараа үлдэн эрсдэлд орж байгаа хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй “Хүүхэд харах үйлчилгээ”-г УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилсан. Тус хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учиртай. Ингэснээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн 59 мянган хүүхдэд халамж хамгааллын үйлчилгээ явуулахаар төлөвлөж байгаа учраас цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн эцэг эхчүүд маш их хүлээлтэй байгаа. Гэтэл зарим эх сурвалжууд хүүхэд харах үйлчилгээ ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхгүй гэж мэдээлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодруулахад, “Хүүхэд харах үйлчилгээ ирэх оны дөрөв юм уу тавдугаар сараас хэрэгжиж эхлэх байх. Гэхдээ ирэх хичээлийн шинэ жил буюу ирэх оны есдүгээр сараас хэрэгжээд эхэлбэл тун зүгээр байгаа юм.
Учир нь Ирэх оны нэгдүгээр сараас Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэдийг бүртгэж, сургалтанд хамруулах ёстой. Сургалтын баазууд бэлэн үү гэдэг бас асуудал шүү дээ” гэсэн юм.
Харин хүүхэд харах үйлчилгээг ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэн гээд хоног тоолон хүлээж суугаа иргэд цөөнгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд харах үйлчилгээ явуулах иргэд хүсэлтээ гаргаад эхэлжээ. Одоогоор 2000 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэдний 60 хувь нь орон нутгийн, 40 хувь нь нийслэлийн иргэн байгаа аж.
Хүүхэд харах үйлчилгээ явуулах иргэний хувьд 18-65 насны, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой гэнэ. Энэ шаардлагыг хангасан иргэд өнөөдрөөс эхлэн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж байгаа аж. Тэдэнд таван төрлийн мэдлэг олгох сургалт орж байгаа бөгөөд хүүхдийн эрх, эрүүл ахуй, ариун цэвэр, хоол тэжээл, хөгжлийг дэмжих аргазүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй гэсэн таван чадамжийг заах юм байна. Тус сургалтад 21 аймаг, нийслэлийн 115 хүн хамрагдаж байгаа аж.
Тус үйлчилгээнд улсын төсвөөс 10.8 тэрбум төгрөгийг зориулжээ. Энэ мөнгөнд тааруулна гэвэл эхний ээлжид тус үйлчилгээнд 10 мянга гаруй хүүхдийг хамруулах боломжтой юм байна.
Дашрамд сонирхуулахад, Тус үйлчилгээ нь гэртээ хүүхдээ хараад суудаг 31 мянга гаруй эцэг, эхийг ажил хийлгэх боломжийг бүрдүүлж байгаа аж. Ингэснээр 15-30 мянган ажлын байр нэмэгдэх давхар ач холбогдолтой гэдгийг хууль санаачлагч нь тайлбарлаж байгаа юм.