Катлин Кеннеди: Өрсөлдөөний ширээн дээр Монгол юу тавих вэ гэдгээ бодох ёстой
“Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” чуулганд дэлхийн нэр хүндтэй эрдэмтэд илтгэл тавьсан юм. Энэ үеэр “MIT Technology review” сэтгүүлийн ерөнхийлөгч Катлин Кеннедитэй ярилцлаа. Тэрбээр “XXI зууны Шинжлэх ухаан технологийн хөгжлийн чиг хандлага, сорилт” сэдвээр илтгэл тавьсан юм.
-Монголд шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем бүрдүүлэх боломж хэр байна. Инновацийн экосистем гэж чухам юу болох талаар тайлбарлахгүй юу?
-Инновацийн экосистем гэхээр инновацийг бүтээж байгаа бүх жижиг хэсгийг нэрлэнэ. Ихэнх тохиолдолд их сургуулийн лабораториос энэ ажил эхэлнэ. Шинжлэх ухааны аргачлалаар нээлт хийж, тэргүүн ололтыг зах зээлд нийлүүлдэг. Үүний тулд Засгийн газрын тогтвортой бодлого бүтэц, мэдээлэл хамгаалал мөн технологи, бизнес болон ажил олгогчдын эзэмшлийг хамгаалах тогтолцоо хэрэгтэй. Мөн компанийн байр шаардлагатай болно. Тийм ч учраас шинжлэх ухаан технологийн парк байгуулах асуудлаар чуулганд оролцсон эрдэмтэд зөвлөлдлөө. Монголд энэ чиглэлээр ажиллаж байгаа ч бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, дэмжлэг дутагдаж байна. Тэдэнд зориулж инкубатор байгуулахаас гадна инновацилагчид, судлаач, хөрөнгө оруулагчид нэгдэх ёстой. Мөн авьяас чадварыг нээж хөгжүүлэх газар, багш зөвлөх, үлгэр дуурайл үзүүлэх хүн ч хэрэгтэй.
-Компьютер технологийн салбарт хөл тавьж байгаа залуу инженерүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Технологийн салбарт өрсөлдөхийг хүсч байгаа залуус хамгийн түрүүнд өөрт байгаа өрсөлдөөний давуу талыг тодорхойлох хэрэгтэй. Өдгөө бүгд л Цахиурын хөндийгөөс хуулбарлахыг оролддог. Гэхдээ дуурайх албагүй. Монгол өрсөлдөөний ширээн дээр юу тавих вэ гэдгээ бодох ёстой. Өнгөц харвал Монголын уур амьсгал сул тал мэт харагдана. Үнэн хэрэгтээ энэ бол давуу тал юм. Эрс тэс уур амьсгалын нөлөөгөө судалж, шинжлэх ухаан, цаашлаад компанийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой. Монгол Улсад байгаа маш өвөрмөц зүйлийг ойлгож, бодит ажил болгох хэрэгтэй.
-Монголыг бусдаас өвөрмөц гэж хэллээ. Энэ салбарт илүү өрсөлдөх чадвартай болохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Монгол Улс Орос, Хятад гэсэн маш том хоёр зах зээлийн дунд байрладаг. Энэ хоёр зах зээлийг сайн ойлгох хэрэгтэй бөгөөд тэнд өрсөлдөх чадвартай болохын тулд геополитикийн давуу талаа хэрхэн ашиглахаа дахин бодож үзэх хэрэгтэй. Компьютер талаас нь харвал технологийн ухаан байх хэрэгтэй. Хэрэв зах зээлд орох гэж байгаа бол сайн судалж үзэх хэрэгтэй. Том зах зээл хэрэгцээ шаардлага өндөртэй. Ер нь юу ч хийсэн хэрэглэгчдийн бодлыг мэддэг байх ёстой. Маш олон тохиолдолд АНУ-д амжилттай хэрэгжсэн зүйл бусад улс оронд хөрвөх боломжгүй байдаг. Жишээ нь, Азийн зах зээл рүү буулгах боломжгүй байж болно.
-“MIT Technology review” сэтгүүл дэлхийн шилдэг 10 технологийг нэрлэсэн байсан. Энэ оны шилдэг технологиудаас хуваалцахгүй юу?
-Энэ онд технологийн салбарын хувьд сэтгэл хөдөлгөм жил байлаа. Оны сонирхолтой ололтоос нэрлэвэл виртуал бодит байдлын төхөөрөмжийн шинэ хувилбар болох magicleap-ийг дурдаж болно. Энэ технологи нь виртуал бодит байдлын технологийг үндсээр нь өөрчилж, хөгжүүлж байна. Magicleap төхөөрөмж дүрсний тусгалыг харуулах асар олон жижиг камераас бүрддэг. Өмнөх технологиудаас тэс өөр зарчмаар ажилладаг учраас 3D дүрсийг харахад толгой эргэж, нүд өвдөхгүй. Бид энэ технологийг олон талаар ашиглаж болно. Эрүүл мэндийн салбарт л гэхэд хагалгааг цоо шинэ аргачлалаар явуулах, энтертайнмент салбарт өргөн ашиглах боломжтой. Magicleap-ийг зах зээлд гаргах арай болоогүй. Гэхдээ манай редакторуудад туршиж үзэх боломж олдсон.
-Технологийн салбарт дараагийн шатанд ямар өөрчлөлт орох вэ. Бид ямар шинэ зүйлийг хүлээж болох вэ?
-Бид виртуал бодит байдлын талаар дурдсан. Энэ нь цаашид чухал өөрчлөлтөд тооцогдоно. Үүнтэй ижил төстэй технологийг бүх салбарт харна. Түүнчлэн оношлогоо, шинжилгээ, эмийн салбарт маш их дэвшил гарахыг бид харна. Улмаар дэлхийн олон орныг хамарсан өөрчлөлтийг харна. Бразилд болсон нэг хурлыг даргалж байхад эрүүл мэндийн салбар бүхэлдээ өөрчлөгдөнө гэж ярьж байсан. Гартаа зүүсэн төхөөрөмж бидний бүх зүйлийг хянаж, тухайн хувь хүний оношийг маш богино хугацаанд гаргаж ирэх юм.