Онц сурдаг 50 хүүхдэд урамшуулал олгоно
Жил бүрийн аравдугаар сарын 31-нийг дэлхийн хуримтлалын өдөр болгон олон улсад өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр Улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудаас амжилттай сайн суралцдаг хэдий ч амьдралын түвшин доогуур, эмзэг давхаргын 50 хүүхдэд Монголын Хадгаламжийн Даатгалын Корпорацийн /ХДК/ нэрэмжит тавин мянган төгрөгийн эрхийн бичгээр урамшуулахаар болжээ. Мөн ХДК-ийн Иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хүүхэд багачуудад санхүүгийн суурь мэдлэг боловсрол олгох чиглэлээр “Хуримтлал гэж юу болох, түүний ашиг тус, хуримтлал үүсгэх арга, дадалд хэрхэн суралцах” талаар сургалт явуулах юм байна. Мөн банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна. 2012 оноос эхлэн Монголын банкны холбооны санаачилснаар арилжааны банкууд дор бүрдээ өөр өөрийн онцлог урамшуулалт үйлчилгээгээр харилцагч нартаа бэлэг барих болон иргэдэд үнэ төлбөргүй хадгаламж нээх зэргээр "Хуримтлалын өдөр"-ийг тэмдэглэдэг юм.