ХУД-ийн залуу багш нар “Бийрийн бичлэг”-ээр бүтээлийн үзэсгэлэн гаргалаа
Хан-Уул дүүргийн 118-р сургуулийн хамт олон өнгөрсөн хичээлийн жилд сургуулийнхаа коридорт “АРТ КАЛЕРЕЙ” байгуулж, багш сурагчдын бүтээлээ сурталчилдаг уламжлалтай.
10 дугаар сарын 21-ний өдөр 118-р сургуулийн бага ангийн багш Н.Саруулбуян, Монгол хэл уран зохиолын багш Б.Бат-Уянга нар “Бийрийн бичлэг”-ийн бүтээлийн анхны үзэсгэлэнгээ дэлгэж, багш сурагчдадаа өөрийн авьяас чадвараа сонирхууллаа.
Тухайн багш нар нь энэ хичээлийн жилээс эхлэн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн шинэхэн, залуу багш нар билээ.
“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш нарын өөрсдийн авьяас чадвар юу юунаас чухал, өвөг дээдсээс уламжлан үлдээсэн монгол бичгийн өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол бичгийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш бидний үүрэг их учраас энэхүү үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэн харуулж байна” гэж хоёр залуу багш маань сэтгэгдлээ ярьж байлаа.
Залуу багш нарын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатар, 118-р сургуулийн захирал Ц.Мөнхтөр болон тухайн сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцов.
Сургуулийн захирал үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ: Бид “АРТ ГАЛЕРЕЙ”-г байгуулаад жил гаруй боллоо, энэ хугацаанд хичээл сургалтын үйл явцад бий болсон олон сайхан бүтээлүүдийг дэлгэж, 14 хоног тутамд тогтмол шинэчлэн өөрчилдөг байсан, манай сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хоёр залуу багш маань бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж, багш нараас анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь бахархууштай байна, үүнээс санаа авч бусад багш нар маань олон сайхан бүтээлүүдээр галерейн сангаа баяжуулна гэдэгт итгэл төгс байна” гэж хэллээ.