Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

2015 оны 10 сарын 22

БСШУЯ-аас Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулж  энэ жил орон даяар шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө хот хөдөөгийн 12 түшиц  цэцэрлэгт туршсны нэг нь  Дархан-Уул аймгийн 18-р дугаар цэцэрлэг юм. Өнгөрсөн хугацаанд тус цэцэрлэгийн хамт олон “Хүүхдийг цэцэрлэгт амархан дасгах аргачлал”-ыг боловсрлуулж хэрэгжүүлсэн бөгөөд өдгөө тус цэцэрлэгийн аргачлалыг Дархан-Уул аймгийн бүх цэцэрлэгт хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн хурлын даргын тогтоол гарчээ. Энэ талаар БСШУЯ-ны харьяа Дархан-Уул аймаг дахь 18-р түшиц цэцэрлэгийн эрхлэгч  Ж.Дэжидмаатай ярилцлаа.

-Танай цэцэрлэгийн аргачлал Дархан-Уул аймгийн бүхий л цэцэрлэгт хэрэгжих гэж байгаа юм байна. Яг ямар шинэчлэл нэвтрүүлчих вэ та бүхэн?

-БСШУЯ-аас сургуулийн өмнөх боловсролын  цөм хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд манай цэцэрлэг түшиц цэцэрлэгээр сонгогдсон. Тус хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд эрхлэгч, багш нарт өөрийн хөтөлбөрийг боловсруулж ажиллах боломж олгосон. Өөрөөр хэлбэл цэцэрлэг тус бүр өөрийн үзэл баримтлал боловсруулж ажиллах боломжийг нээж өгсөн. Тиймээс бид юуны түрүүнд цэцэрлэг дээр тулгамдаж буй асуудал юу байна вэ гэдэг асуудлаар эцэг эхээс судалгаа авсан. Эцэг эхчүүд 3 асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Нэгдүгээрт хичээлийн жилийн эхэнд хүүхэд бүрээс ариун цэврийн болон бичиг хэрэгсэл авах хэрэг байна уу. Хүүхдүүд ийм их цаас бичгийн хэрэгсэл хэрэглэх боломжгүй гэсэн. Хоёрдугаарт, цэцэрлэг нэгэнт үйлчилгээний байгууллага юм бол хаалгаа барихаа болих хэрэгтэй. Бид хүссэн цагтаа хүүхдээ авчирч өгдөг баймаар байна гэсэн. Гуравдугаарт, шинээр орж байгаа хүүхдийг уйлуулахгүй байлгах аргачлал байна уу гэсэн асуудлыг хөндсөн.

-Энэ асуудлыг яаж шийдсэн нь сонирхолтой байна?

-Яг үнэдээ манай хамт олон  энэ асуудлыг шийдэж чадахгүй жил болгон л гардаг хүсэлт байна гэж эхэндээ  үл тоомсорлосон. Нэгэнт л бид асуудлыг шийдэх гэж судалгаа авсан юм чинь яаж шийдэж болох талаар ярилцсан. Тэгээд намар хичээлийн жилийн эхэнд бүх хүүхдүүдээс  ариун цэврийн болон бичгийн хэрэгсэл авахгүй. Ангийн 30 хүүхдээ 10, 10-аар нь бүлэглэж эхний удаад боломжтой эцэг эхчүүд хэрэгслээ аваад өгчих дараагийн улиралд нэг хэсэг нь гээд ээлж ээлжээр авч  өгч болох уу гэсэн. Эцэг эхчүүд маш дуртайгаар хүлээн авсан. Дараа нь эцэг эхийн өдөрлөг зохион байгуулж аав, ээжүүдийг нэг өдөр багшийнх нь ажилд туслуулсан. Тэндээс эцэг, эх маш олон зүйл ухаардаг. Нэг аав “Багш байна гэдэг үнэхээр амаргүй юм. Энэ олон нялх хүүхэд уйлахаар нус нулимс арчих цаас хэрэгтэй юм байна. Бас зэрэг зэрэг өмдөндөө шээгээд цаас үнэхээр хэрэгтэй юм байна” гэсэн.  Эхний асуудлыг ингэж шийдсэн.

Хоёр дахь асуудлыг шийдэхэд мөн амар байгаагүй. Ижил цагт хүүхдээ оруулаад  хаалгаа барьдаг хэвшил бүр тогтоод 40-50 жил болчихсон. Энэ уламжлалт ойлголтоо багш, үйлчлэгч нар маань  нэг л өдөр орхиж чадахгүй шүү дээ. Эцэг эхийн хүсэлт юм чинь ядаж 9 цагт хаалгаа барья, 10 цагт болох уу гээд ярилцахад үйлчилэгч маань тэгээд би 10 хүртэл шалаа арчаад байх уу гэхэд багш нар хүүхэд цуварч ирэхээр яаж сургалтаа явуулах юм бэ гээд бидний дунд  эхэндээ нэлээд маргаан өрнөсөн.  Тэгсэн ч бид элдэв бэрхшээлээ мартаад хийгээд үзье, туршаад үзье гээд  өглөө хаалга барихаа больсон. Эцэг эхчүүд үүнд маш талархалтай хандсан.  Жишээ нь цагдаагийн  байгууллагад ажилладаг хүмүүс “Бид шөнөжин эргүүлд явчихаад өглөө ирээд хүүхэдтэйгээ  нэг цаг хамт унтаж байгаад гармаар байна” гэдэг байсан бол  энэ хүсэл нь биелэсэн. Мөн зарим ээжүүд  “Манай хүүхэд кашанд дургүй. Тиймээс  өглөө гэрт нь дуртай цайг нь уулгаад авчирмаар байна” гэдэг байсан. Тэд дуртай цайгаа уучихаад ирдэг болсон. Бид иймэрхүү байдалтай ажиллаад  хоёр жил болж байна. Энэ бол ямар ч эрдэмтэн зөвлөөгүй эцэг, эхийн хүсэлтээр бид өөрсдөө боловсруулсан  хөтөлбөр. Үр дүнд гарсан.  Өмнө нь хаалга барьдаг байхад хүүхдүүд зэрэг уйлж орж ирдэг, эцэг эхчүүд яарсан, сандарсан бухимдал ихтэй, багш нар бухимдсан, ядарсан,  коридороор  чихэлдсэн, бие биеэ хүлээсэн, хаалга үүд нүдэх дуу чимээ ихтэйгээс гадна  багш хүүхэд бүртэй ажиллаж, хөгжлийн үнэлгээ хийх боломжгүй  байсан.  Одоо эцэг, эх тайван бухимдалгүй, хүүхэд  эрх чөлөөтэй өөрөө сонирхлоороо ирдэг. Багш хүүхэд нэг бүртээ ажиллах боломжтой болсон.  Бид нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж бусад цэцэрлэг болон эцэг, эхчүүдэд энэ туршлагаа хуваалцсан. Манай цэцэрлэгт явдаг хүүгийн аав энэ тухай аймгийн удирдлагуудад дуулгасан байна лээ. Тэндээс ирж бидний ажилтай танилцаад ерөөсөө энэ туршлагыг нийтээр хэрэгжүүлбэл замын бөглөрөл, хүмүүсийн тайван байдал зэрэг олон талын ашиг тустай юм байна гэж үзээд аймгийн иргэдийн хурлаас тогтоол гаргахаар болсонд бид баяртай байна.

-Эцэг, эх олон нийтээс ирсэн гурав дахь хүсэлтийг шийдэх нэлээд амаргүй байсан байх. “Хүүхдийг цэцэрлэгт амархан дасгах аргачлал” буюу  уйлуулахгүй байх туршлагаасаа хуваалцаач?

-Цэцэрлэгт шинээр ирж байгаа хүүхдийг  амархан дасгах аргыг  туршиж хэрэгжүүлээд мөн хоёр жил болж байна. Энэ санааг манай манаач гаргасан. Бид энэ асуудлыг яаж шийдэх вэ гээд хамт олноороо ярилцаад байж байтал манай манаач “Би хүүгээ тоглоомын газарт аваачаад тоглуулахаар маргааш нь дахиад явья” гээд байх юм. Цэцэрлэгийг яаж тийм болгох уу гээд ярьсан. Гэтэл манай нэг багш хажуунаас нь шүүрч аваад ерөөсөө л наадах чинь байхгүй гээд дуу алдан баярласан. Энэ мэтчилэн манай ажилчдаас гайхалтай санаа гардаг. Тэгээд бид 8 сарын 25-аас хүүхдүүдээ бүртгээд шинээр элсч байгаа хүүхдүүдийн эцэг, эхтэй хамтран цэцэрлэгт дасгах ажлыг хийсэн. Эхний өдөр эцэг, эх хүүхэдтэйгээ цэцэрлэг дээр ирж нэг цаг тоглоно. Дараагийн өдөр 2 цаг, дараагийн өдөр 3 цаг тоглоод ирэхээр хүүхэд энэ орчин айх орчин биш гэдгийг мэдэрдэг. Хэд яваад ирэхээр тоглоомын газар руу орж байгаа юм шиг айдасгүй, уйлахгүй хоцордог. БСШУЯ-аас хэрэгжүүлж буй сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрөөр хүүхдийг дуртай зүйлээр нь тоглонгоо хөгжүүлэхийг  зорилгоо болгож байгаа. Энэ үүднээс цэцэрлэгийн орчныг хүүхдийн сонирхолд нийцүүлсэн төрөл бүрийн булан  болгон тохижуулсан. Хүүхэд өөрийн сонирхлоо дуртай зүйлсээр бүрдсэн буланд тоглодог болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25921
0 эможи
keyboard_arrow_up