Д.Дэмбэрэл: Сурах чадвар, мэргэжлийн хандлагыг хурууны хээгээр тодорхойлж болно
Хүүхдийн сэтгэлзүйн боловсролын төв”-ийн захирал, сэтгэлзүйчД.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Танай төв хүүхдийн сурах боломж, чадвар, ямар чиглэлд мэргэшвэл илүү амжилттай байх вэ зэрэг үзүүлэлтүүдийг хурууны хээгээр нь тодорхойлох судалгаа хийж, туршилт амжилттай болсон гэсэн. Боловсролын салбарт нэвтрүүлэхэд үр дүнтэй гэж үзэж буй энэ судалгааны талаар ярилцлагаа эхэлье?
-Хүн болгон өөрийн гэсэн төрөлх авьяас чадвартай байдаг. Хүүхэд төрөхдөө ямар мэргэжилтэй, ямар ааш зантай болох вэ зэрэг суурь үзүүлэлтүүдийг эцэг, эхээсээ авч гардаг. Шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Энэ шинжлэх ухаан бол хүн судлалын шинжлэх ухаанаас салбарлан 100 гаруй жил дэлхийн олон эрдэмтэн судалж, ажил амьдралдаа хэрэгжүүлж ирсэн юм. Монголд “Хүүхдийн сэтгэлзүйн боловсролын төв” генетик тестийг оруулж ирээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд 200 гаруй хүүхдийг хамруулан судалгаа хийсэн нь амжилттай болж үр дүн буюу магадлал 85 хувьтай гарсан. Бид эрдэмтдийн боловсруулсан генетик тестийг оруулж ирж монголчууддаа дамжуулах үүрэг, итгэл хүлээсэн хамт олон. Үүгээр юуг дамжуулах гэж байна гэвэл, тухайн хүүхэд шинжлэх ухааны аль салбарыг сонирхон судалбал суурь байна вэ, мэргэжлийн чиг баримжаа нь тухайн хүүхдэд ямар байна вэ гэдгийг тестээр гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засагч, хуульч мэргэжилтэй болох нь уу, эсвэл хүнтэй ажиллах чиглэлд түлхүү амжилттай байх нь уу гэдэг нь үзүүлэлтүүдээр тодорхойлогддог. Мөн ямар спортоор хичээллэвэл амжилт олох вэ, чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлэх вэ гэдэгт чиглэл авах зүйлүүд гарч ирнэ. Амьдралынхаа явцад эрүүл мэндийн хувьд аль эрхтэн системдээ анхаарвал зохистой вэ гэдэг нь ч гарч ирдэг. Түүнчлэн төв мэдрэлийн системийн ачаалал даах чадвар, шинэ зүйлд хандах хандлагыг тодорхойлдог. Хамгийн чухал зүйл бол тухайн хүүхдийн төрөлх зан араншин буюу темпраминтыг тодорхойлж өгдөг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ давуу болон сул тал юу вэ гэдгийг мэдсэнээр хоорондын харилцаанд анхаарах, хүүхдээ хөгжүүлэх боломжийг нээдэг. Манай боловсролын салбарт “Хүүхдийг хөгжүүлье” гэсэн уриа сүүлийн хэдэн жил явж ирсэн. Тэгвэл хүүхдийг юуг нь үндэслэн хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг генетикийн тестээр мэдсэнээр цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой.
-Судалгааг жил гаруй явуулж, туршсан гэсэн. Одоо танай төв ямар ажил хийж байна?
-Хүүхэд эцэг эхээс төрөхдөө ямар суурьтай төрсөн бэ гэдгийг тодорхойлох учраас генетикийн тест бол биологийн тайлан юм. Тиймээс бид хүүхдийн хурууны хээний хэв маягийг тодорхойлж ОХУ дахь төв байгууллага руугаа илгээснээр тэндээс хариу ирүүлдэг. Хариуг үндэслэн эцэг эхчүүдэд тайлбар зөвлөгөө өгөх ажлыг хийж байна. Хариу 14 хоногийн дараа ирдэг.
-Эцэг эхчүүд хэрхэн хүлээж авч байна?
-Манайд хандсан хүмүүсийн дотор хүүхдээ ойлгодоггүй, хүсэл сонирхлыг нь сайн мэддэггүй эцэг эхчүүд цөөнгүй байсан. Мэргэжил сонгох юм уу, эсвэл аль нэг спортоор хичээллүүлэхийг хүсч байгаа болон хүүхдийнхээ нуугдсан авьяас чадварыг нээн илрүүлэх гэсэн эцэг эхчүүд ихээхэн хандаж байна. Мөн эцэг, эхчүүд ч бас өөрсдийгөө тестээр шалгуулж өөрийн тухай мэдэхгүй байгаа зүйлүүдээ мэдэж авсан тохиолдлууд бий. Олон хүний амнаас “Бид өмнө нь таамгаар явдаг байжээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй тестээр шалгуулж өөрийн тухай өргөн мэдлэгийг олж авч байгаа нь ач тустай зүйл” гэсэн үг сонсогдож байсан. Энэ нь надад ихээхэн урам өгч бүтэн жил гаруй судалгааны ажил явагдаж, орчуулгууд хийж, ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсны эцэст олон нийтэд түгээх нь зүйтэй гэж үзсэн. Мөн нийгэмд чиглэсэн томоохон ажил болох ач холбогдлыг нь сайтар ойлгосон.
-Тухайн хүүхдийн өөрийнх нь сонирхдоггүй чиглэл ч гэсэн аав ээж нь шаардаад сургалтад хамруулаад байдаг. Үр дүн байна уу?
-Жишээ нь, урлаг уран сайхны авьяас нь 72 хувьтай гарсан бол тухайн хүүхэд жүжигчин эсвэл архитекторч гэхчлэн мэргэжил эзэмших боломжтой. Гэтэл эцэг эх нь энэ хүүхдийг математикаар л явуулна гээд ачаалал өгч, янз бүрийн давтлагад хамрууллаа гэхэд математикийн чадвар нь 30 хувь байснаа 50 хувьд дөхнө үү гэхээс ахиц гарахгүй. Эсрэгээрээ математикийн 100 хувийн суурь авьяастай хүүхдийг бага наснаас нь эхлэн хичээллүүлээгүй бол дур сонирхол нь буурсан байх хандлагатай. Хүүхдээ багад нь суурь авьяасыг тодорхойлуулж тэр чиглэлд нь хичээллүүлвэл хурдан хугацаанд сэргэх боломжтой. Тэгэхээр эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ юунд авьяас чадвартайг анхаарч, түүнд нь дөрөөлөн хөгжүүлвэл хурдан хугацаанд амжилтад хүрч чадна. Хүүхдийг дургүй зүйлд нь хүчээр дайчилж, давтлага сургалтад хамруулснаар тэр хүүхэд маш их стресст өртөнө, дээр нь ачааллаа даахгүй ядарна. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхол, дээр нь чадварын үзүүлэлт ямар байгааг тодорхойлуулж аваад тэр чиглэлд нь түлхүү хөгжүүлвэл ирээдүйтэй, хүүхдэд ч үлдэцтэй байна.
-Хүүхдийг хэдэн настайд нь генетикийн тестэд хамруулж болох вэ?
-Манай төв “Та өөрийгөө мэдэх үү?” гэсэн уриатай. Хүүхдийг 3-6, 6-12 насанд нь генетикийн тестэд оруулж байна. Хамгийн гол нь хүүхдээ ямар авьяас чадвартай болохыг нь тодорхойлж аваад түүнийг нь хүлээн зөвшөөрөх асуудал чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл, ингэснээр хүүхдээ тулгах, буруу үйлдэл гаргах, алдаа хийх үйлдлийг гаргахгүй байх боломжтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин