Оюутны автобусны нэг өдрийн зардлыг 1000 төгрөгөөр тооцжээ
Нийтийн тээврийн шинэчлэл хийж цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд автобусаар зорчихдоо бэлэн мөнгө төлж байгаа юм.
Харин ойрын хугацаанд их, дээд сургуулийн оюутны смарт картыг олгох болсон байна. Оюутны смарт картыг олгох ажлыг Нийслэлийн боловсролын газар хариуцаж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд их дээд, сургуулиудад хандаж, оюутны смарт картыг авахад шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргүүлсэн байна. Хэрэв их дээд сургуулиуд оюутнуудынхаа материалыг бүрдүүлээд ирвэл энэ долоо хоногоос смарт картыг олгохоор болсон талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана мэдээлэв. Мөн “Улаанбаатар смарт карт” компанийн мэдээлж буйгаар оюутны смарт картыг зөвхөн ажлын өдрөөр тооцож буюу 1000 төгрөгөөр бодож сарын хугацаатайгаар 23 мянган төгрөгөөр цэнэглэсэн карт олгох гэнэ. Харин үүнийг Монголын оюутны холбоо эсэргүүцэж байгаа бөгөөд Нийтийн тээврийн шинэчлэлээс болж, зарим оюутнууд хичээлдээ явахдаа 2-3 дамжиж байгаа. Тэгэхээр энэ дамжин суулгалтын мөнгийн шинэчлэлийн хүрээнд автобусыг богино эргэлттэй болгосон дарга нар хариуцах уу гэдэг шаардлагыг тавьж байгаа аж. Дамжин чуулгалтыг үнэгүй болгоно гэж Нийтинй тээврийн газраас мэдээлж байгаа ч одоо хүртэл үнэгүй болгоогүй, үүнийг нь Нийслэлийн удирдлагууд автобусны зардлыг ард түмэндээ үүрүүлэх гэсэн арга заль гэж харах хүмүүс олон байна. Оюутны смарт картыг 30 мянгаар тооцвол жагсах болно гэдгээ МОХ-ныхон илэрхийлсэн билээ.