Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд зайны сургалтаар чадвар олгоно
Налайх дүүргийн алслагдсан хороодын цэцэрлэгт хамрагдаагүй 1700 хүүхдийг зайны сургалтаар хөгжүүлэхээр болжээ.
Цэцэрлэгт хамрагдаагүй 2-5 насны хүүхдүүдийг гэр бүлдээ, эцэг эхийн хамт зайны сургалтын хэлбэрээр хөгжүүлэх үйл ажиллагаанд хамруулах сургалтын багцыг боловсруулж, турших ажлыг Налайх дүүрэгт өнөөдөр эхлүүлжээ.
Сургалтын багц нь 30 теле цуврал хичээл, хүүхдийн дасгал ажлын дэвтэр, эцэг эхийн гарын авлага зэргээс бүрдэх бөгөөд хэрэгжүүлэх эхний шатны туршилт нь 2015-2016 оны хичээлийн жилийн турш Налайх дүүрэгт үргэлжлэх юм.
Монакогийн хант улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн болон техникийн туслалцаатайгаар Нийслэлийн боловсролын газраас энэ сургалтыг явуулж байгаа аж.
Энэ зайны сургалтын багц нь хүүхдүүдийн хөгжлийг дэмжих шинэлэг хэлбэр төдийгүй эцэг, эхэд бага насны хүүхдийнхээ хөгжлийг дэмжих гарын авлага, цэцэрлэг гэр бүлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлын нэг хэсэг болж байгаа юм байна.
Хүний хөгжлийн хамгийн хурдацтай, дахин давтагдашгүй үе бол амьдралын эхний жилүүд, тэр дундаа 6 хүртэлх нас байдаг. Энэ үеийн асаргаа, халамж хайр, хамгаалал, эрүүл чийрэг бие бялдар, зохистой хоол тэжээл болон хөгжүүлэх үйл ажиллагаа нь хүүхдийн насан туршийн чанартай амьдралын суурь болдог. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй, хотын захын дүүрэг, хороод болон алслагдсан орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих нь тухай хүүхдийн төдийгүй улс орны ирээдүйд хийж буй хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт болдог байна.
Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан 1 ам.доллар бүрийн ашиг 12 ам.доллар болон эргэн ирдэг гэсэн судалгаа байдаг аж.