Хүүхэд харах үйлчилгээг сонгосон эцэг, эхчүүд сард 60-80 мянган төгрөг төлнө

2015 оны 9 сарын 22
 

Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх хүүхэд харах үйлчилгээ цоожтой хаалганы цаана үлдэж буй хүүхдээ сард 60-80 мянган төгрөгөөр харуулах боломжийг эцэг эхчүүдэд олгоно.

Энэ тооцооллыг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээн ажиллуулах хугацаанд бодож гаргажээ.

Гурван багш 15 хүүхэд харах төвийн сард гарах бүх зардал нь 2 сая 640 мянган төгрөг байхаар тооцсон байна. Ингэхээр нэг хүүхдэд 176 мянган төгрөг ногдох бөгөөд үүний 116 мянган төгрөгийг улсаас даах юм. Эцэг, эхчүүд хүүхэд харуулсны төлбөр болох 60-80 мянган төгрөгийг сар бүр төлнө гэсэн үг.

Дээрх тооцооллыг дэд бүтэцгүй гэр хорооллоор тооцож гаргасан бөгөөд ус, тог, байрны түрээс, багшийн цалин зэрэг бүх зардлыг оруулан тооцжээ.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг Та харж байна.

Энэ төвийг өнгөрсөн оны 3-12-р сар хүртэл ажиллуулах хугацаанд дээрх зардлын тооцоог гаргаснаа УИХ-ын гишүүн Б.Эрдэнэчимэг хэлсэн юм.

Энэ төвийг Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулах зорилгоор 2014 онд байгуулжээ.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа энэ үед хамгийн зөв гарц хэмээн УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх хуулийг өргөн барьж, өнгөрсөн хавар батлуулсан юм.

Хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд 150 хүүхдийн цэцэрлэг бий ч 400 орчим хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа аж.

Харин энэ загвар төвд нийт 15 хүүхэд хамрагдах боломжтой. 60 метр квадрат талбай бүхий байрыг сарын 350 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм байна. Хуульд заасанчлан хүүхдийн амрах тоглох өрөө, галын өрөө, ариун цэврийн өрөөг тохижуулжээ. Ингэхдээ дотор засал, чимэглэл, тавилгад нийт 13 сая, гадна орчинг тохижуулахад 7 сая, нийт 20 сая төгрөг зарцуулжээ.

“Дэд бүтэцгүй газар хүүхэд харах төвийг хэрхэн байгуулахыг үзүүлэх зорилгоор энэ төвийг нээсэн. Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлснээр маш олон ажлын байр бий болгох боломжтой. Улсаас хүүхэд тус бүрд цэцэрлэгийн хүүхдэд оноодог зардлыг энд ч олгоно. Өөрөөр хэлбэл, нэг багшийн сарын цалин болох 450-500 мянган төгрөгийг энэхүү зардлаар нөхнө. Харин хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд даана. Цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа 80 мянган хүүхдийн асуудлыг энэ маягаар шийдэх боломжтой. Эцэг эхчүүд 50-70 мянган төгрөг өгөхөд энэ үйлчилгээ хэвийн явах боломжтой” гэлээ.

Сангийн яамнаас ирэх жилийн төсөвт хүүхэд харах үйлчилгээний зардлыг суулгахад хүндрэлтэй талаар мэдээлж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Эрдэнэчимэг “Ирэх оны төсөвт 42 тэрбум төгрөгийг Хүүхэд харах үйлчилгээний зардал болгон суулгасан. Энэ мөнгөөр 30-аад мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийднэ” гэв.

Эмэгтэй гишүүдийн санаачлагаар хэрэгжиж эхлэх хүүхэд харах үйлчилгээг дурын хүн ажиллуулах боломжгүй. Сургалтад сууж, тусгай зөвшөөрөл авна. Үүнийг Хүн, ам нийгмийн хөгжлийн яам хариуцах юм. Түүнээс гадна хамгийн чухал нь хүүхэд харах өрөөнд хүн амьдарч болохгүй гэсэн заалт бий. Тэгвэл гэртээ хүүхдээ харангаа дээрх үйлчилгээг сонирхож буй хүмүүст хүүхэд харах төв байгуулахад ямар шаардлага хангасан байх ёстой хийгээд юу хориглох талаар мэдээллийг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25334
0 эможи
keyboard_arrow_up