ЕБС-иудын багш нарын 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгүүд үнэ төлбөргүй хамруулна
БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбоо хамтран ЕБС-иудын багш нарын хүүхдүүдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 300 гаруй цэцэрлэгт ЕБС-иудын багш нарын 3000 гаруй хүүхдийг хамруулахын тулд шинээр анги нээх гэнэ. Эдгээр хүүхдүүдийг хамруулах 100 хүүхдийн 30 цэцэрлэг баривал ойролцоогоор 30 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоо гарчээ.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр "3000 хүүхдийг нэг жил төлбөр аваад сургавал 6 тэрбум төгрөг болох нь. Үндсэндээ хувийн цэцэрлэгүүд 6 тэрбум төгрөг хандивлаж байна гэсэн үг. Харин эдгээр хүүхдүүдийг хамруулах 30 цэцэрлэг баривал 30 тэрбум төгрөг болно. Тэгэхээр хувийн цэцэрлэгүүд 36 тэрбум төгрөгийн сайн үйлс хийж байна" гэлээ.
Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбооны тэргүүн н.Мөнхболд "манай цэцэрлэгүүд мэдээллээ Нийслэлийн боловсролын газарт өгнө. Нийслэлийн боловсролын газар дүүргийн хэлтсүүдтэй хамтраад аль сургуулийн багш нар аль цэцэрлэгт хүүхдийг хамруулах эсэхийг яамтай хамтарч шийднэ. Үүнд цэцэрлэгийн оролцоо байхгүй" гэв.
Дашрамд дурдахад, энэхүү ажлыг хувийн цэцэрлэгүүд санаачилсан бөгөөд улсын төсвийн мөнгө зарцуулагдахгүй юм байна. Багш нар Нийслэлийн боловсролын газар хандаж өргөдлөө өгнө.