Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг дарга “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/658 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014-2015 онд он дамжин санхүүжих Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа.
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг 2015 онд ашиглалтад оруулахтай холбогдуулан гэнэтийн болон онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй болсон тул Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт өмнө шалгаран ажиллаж байгаа үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах аргаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.