Хувийн сургуульд хэдэн төгрөгөөр сурах вэ?
Зуны амралт татарч, хүүхэд багачууд хичээлдээ орох өдөр ойртсоор. Хувийн сургууль, цэцэрлэг ч ирэх хичээлийн жилийн элсэлтдээ санаа тавьж эхэлжээ.
Цэцэрлэгээс сургуулийн босго алхах гэж буй бяцхан үрсээ чанартай, сайн сургуульд сургахыг эцэг, эх бүр хүсэх нь мэдээж. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд ээж, аавууд сургалтын чанар нь боломжийн л бол төлбөрийн хэмжээг үл харгалзан сайн сургуульд хүүхдээ оруулахыг эрмэлздэг болжээ. Энэ нь их мөнгөтэй, элбэг бийлэгжүү болсондоо биш, хоёр идэж, хоосон хонохгүй л байвал бусдыг нь хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулна гэж эцэг, эхчүүд үздэг болсонтой холбоотой. Гэтэл энэ хэрэгцээг дагаад жил ирэх бүр салбартаа сургалтын системээрээ толгой цохидог хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр нэмэгддэг болжээ. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам болоод нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын төлбөрийг шууд буюу шууд бусаар хянах хуулийн тогтолцоо манайд одоог хүртэл алга. Дунд сургуулийн төлбөрийн талаар бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Өнөөдрийн байдлаар бол нийт нийслэлд 99 хувийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Хамгийн өндөр төлбөртэй нь "British school of Ulaanbaatar"
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатын өгсөн тоон мэдээллээр ирэх хичээлийн жилд хувийн сургуулиудын төлбөр 400 мянгаас 31 сая төгрөгийн хооронд байх нь. Төлбөр өндөртэй сургуулиудын жагсаалтыг "British school of Ulaanbaatar", "Амerican school of Ulaanbaatar", "Орчлон", "Улаанбаатар элит" сургуулиудыг тэргүүлж байна. "Улаанбаатар дах Бритиш" сургууль нь хичээлээ Англи болон Вэйлс улсын үндэсний хөтөлбөрийг Монголын сурах орчинд тааруулан заадаг аж. Сургуулийн гол зорилго нь олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг олгох. Хичээлүүд нь Английн үндэсний хөтөлбөр болон Вэйлс улсын олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу англи хэл дээр заагдаж Монголын Түүх, Монгол Хэл, Уран зохиол хичээлүүд нь монголын боловсролын стандартын дагуу монгол хэл дээр явагддаг байна. Төлбөрөө ам доллараар тооцон авдаг. Бага ангийн төлбөр нь 13 мянган доллар, дунд анги нь 16 мянга 680 доллар бол ахлах анги нь 17 мянга 920 долларын төлбөртэй. Харин жилийн дундаж төлбөр нь 15 мянга 866 доллар буюу одоогийн долларын ханшаар тооцвол 31 сая 414 мянган төгрөг.
“Улаанбаатар-Элит”-ийн дундаж төлбөр 10 сая 433 мянга
Сүхбаатар дүүрэгт байрлах “Улаанбаатар-Элит” сургуульд ахлах болон дунд, бага ангийн сурагчид нь тусдаа сурдаг. Нэг жилийн сургалтын дундаж төлбөр нь 10 сая 433 мянган төгрөг. Төлбөрийг дотор нь ангилавал ахлах ангийнхан нь сургалтын төлбөр 11.9 сая, дунд ангийнхан нь 10 сая 500 мянга, бага ангийнхан нь 8.9 сая төгрөг. Төлбөрт өдрийн хоол, дүрэмт хувцасны үнэ багтжээ. Харин Төгөлдөр хуур, шатар зэрэг дамжаанд сургахаар бол жилд 300 мянган төгрөг нэмж төлнө.
Боловсрол, соёл шинжлэх ухааны яам болоод нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын төлбөрийг шууд буюу шууд бусаар хянах хуулийн тогтолцоо манайд одоог хүртэл алга.
“American school” -ийн дундаж төлбөр 12 сая 750 мянга
Зайсангийн аманд байрлах “American school” сургуулийн нэг жилийн дундаж төлбөр 12 сая 750 мянга. Ахлах ангийн төлбөр нь 15 сая 250 мянга бол дунд анги нь 13 сая, бага анги нь 10 сая төгрөг. Өглөө 08:30-15:30 цаг хүртэл хичээллэдэг бөгөөд өдрийн цайны 45 минутын завсарлагатай аж.
“Орчлон” сургуулийн дундаж төлбөр 11 сая 666 мянга
Сурагчдынхаа гаргасан амжилтаар тэргүүн эгнээнд бичигддэг томоохон сургуулиудын нэг нь "Орчлон". Кембрижийн хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог уг сургуулийн дундаж төлбөр 11 сая 666 мянган төгрөг. Тодруулбал, бага анги нь 11 сая төгрөгийн төлбөртэй. Дунд, ахлах ангийнхан нь 12 сая төгрөгийн төлбөр төлдөг. Төлбөрт нь автобус үйлчилгээ, өдрийн хоолны үнэ багтдаггүй аж. Сайн сурсан сурагчдаа гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургадаг.
“Хобби” сургуулийн дундаж төлбөр 6 сая
1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Монголын топ арван бүрэн дунд сургуульд зүй ёсоор ордог. Төгсөх ангийн сурагчиддаа ТОЕFL-ын бэлтгэл хичээл заадаг. Эдний нэг жилийн төлбөр 5-7 сая төгрөг.
“Сант” сургуулийн дундаж төлбөр 5 сая 333 мянга
Математикийн чиглэлээр Монголын номер нэг сургуульд тооцогддог "Сант" сургуулийн жилийн төлбөр таван сая 333 мянган төгрөг гэж НБГ-аас мэдээллээ. Тодруулбал, бага, дунд ангийн сургалтын төлбөр 5 сая. Харин ахлах ангийн төлбөр нь зургаан сая юм.
“Олонлог” сургуулийн төлбөр 4.5 сая төгрөг
Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн зүүн талд байрлах “Олонлог” сургууль математикаар дагнан, олон “тоочдыг” төрүүлээд буй. Энэ сургуульд хүүхдээ сургахыг хүсвэл жилд 4.5 сая төгрөг төлөх нь. Бүх ангийн төлбөр ижил.
“Монгол Турк"-ийн хамтарсан сургуулийн дундаж төлбөр 4 сая 750 мянга
Тус сургууль нь зөвхөн долоо, найм, есдүгээр ангидаа л элсэлт авдаг юм байна. Ингэхдээ математик, англи хэл, IQ-н шалгалт авдаг бөгөөд жилийн 5 сая төгрөгийн төлбөртэй аж. Дээр нь дотуур байрны төлбөр 2,7 сая төгрөг нэмэгдэнэ. Ер нь бүх сургуулийн төлбөр өнгөрсөн жилээс нэмэгджээ.