Оноороо хоёр нас хүрсэн бол цэцэрлэгт бүртгэнэ

2015 оны 8 сарын 05

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 570 хүүхэд байгаа бөгөөд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 516 цэцэрлэгт 88000 гаруй хүүхдийг хамруулах юм байна.

 

Энэ нь өнгөрсөн жилээс хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нэг ангид дунджаар 44 хүүхэд суралцах болохыг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Цэцэрлэгт хамрагдаж байсан болон шинээр элсэх хүүхдүүдийг наймдугаар сарын 25-наас 28-ны хооронд 08.30-17.30 цагийн хооронд бүртгэнэ.

ОНООРОО ХОЁР НАС ХҮРСЭН БОЛ ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Цэцэрлэгт шинээр элсч буй хүүхдүүд төрсөн сараасаа хамаараад тухайн жилдээ элсэх боломжгүй байсан цаг ард хоцорчээ. Өөрөөр хэлбэл оны сүүл сард төрсөн хүүхдүүд буюу 09.01-12.31 төрсөн хүүхдүүдийг нас хүрээгүй нэрээр бүртгэдэггүй байсан.

Тэгвэл энэ жил оноороо хоёр нас хүрсэн бол цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой болохыг Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат хэллээ.

Өөрөөр хэлбэл таны хүүхэд 2013.01.01-нээс 2013.12.31 хугацаанд төрсөн бол цэцэрлэгийн бага бүлэгт бүртгүүлэх боломжтой болж байна гэсэн үг.

Зарим цэцэрлэг оны сүүл сард төрсөн хүүхдүүдийг шинээр бүртгэсэн хэдий ч сараараа хоёр нас хүрэхээрээ цэцэрлэгт явах боломжтой гэсэн хариу өгч байсан тохиолдол өнгөрсөн жил гарсан. Тэгвэл энэ жил оноороо хоёр нас хүрсэн бол есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгтээ явж болох аж.

Харин дунд болон ахлах ангийн бүртгэл өмнөх жилд суралцаж байсан хүүхдүүдээ эхний ээлжинд бүртгээд орон тоо үлдвэл шинээр шилжин ирж буй хүүхдийг авах юм байна.

ТАНЫ ХҮҮХЭД АЛЬ ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталсан.

Та оршин суугаа хорооныхоо харьяа цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх юм. Харьяалалгүй хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй байхыг цэцэрлэгүүдэд анхааруулсан бөгөөд энэ тал дээр Нийслэлийн боловсролын газраас хяналт тавьж ажиллах юм байна.

Нийслэлийн боловсролын газраас наймдугаар сарын 20-ны өдөр гэхэд хамран сургах тойрогт гарах өөрчлөлтийг хийх юм байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭГ ХЭЗЭЭ АВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Та хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж байгаа бол

·         Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

·         Хүүхдийн төрсний гэрчилгээ,

·         Эцэг, эхийн иргэний үнэмлэх,

·         Эрүүл бойжиж байгаа эсэх талаар өрхийн эмнэлгийн бичиг зэрэг шаардлагатай.

Харин эрүүл мэндийн шинжилгээг бүртгэсний дараа авах уу бүртгүүлэхээр ирэхдээ авчрах уу гэдгийг одоогийн байдлаар шийдээгүй байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат хэлэхдээ,

-Эрүүл мэндийн шинжилгээг авах хугацааг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр зөвлөмж гаргаж тодорхой болгоно.

Өнгөрсөн жил зарим эмнэлэгт ачаалал үүсэж байсан. Тухайн үед цэцэрлэгүүдийг дүүрэг, болон өрхийн эмнэлэгтэй хамтраад аль болох ачаалал бага үүсгэхээр шинжилгээг ав гэсэн заавар өгсөн. Энэ жил ч мөн ижилхэн үүрэг өгнө. Тэгэхээр эрүүл мэндийн шинжилгээг бүртгэлийн дараа ч хийж болно, өмнө ч хийж болно.

Бүртгэж авсны дараа шинжилгээ авах нь эмнэлэг, эцэг эхчүүдийн аль алинд нь амар байдаг. Гэхдээ бүртгүүлсэн хэрнээ халдварт өвчтэй хасагдах тохиолдолд бас маргаан үүсэх тал байдаг учраас нэгдсэн байдлаар хэрхэн зохион байгуулахыг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр шийднэ гэлээ.

Мөн цэцэрлэгийн бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авах ёсгүй бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авах юм.

Цэцэрлэгийн бүртгэлийг эмх, цэгцтэй явуулах үүргийн дүүргүүдийн боловсролын газарт хүргүүлсэн бөгөөд цэцэрлэгүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй хүргэх юм.

Хэрэв танд цэцэрлэгийн бүртгэл, авилга, хахуультай холбоотой баримттай гомдол байвал 11-11 төв болон харьяа дүүргийн боловсролын газар, Нийслэлийн боловсролын газарт хандах боломжтой юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24087
0 эможи
keyboard_arrow_up