Багшлах эрхийн шалгалтын бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ
Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл долдугаар сарын 30-нд дуусна.
2015 оны наймдугаар сарын 8-ны өдөр болох уг шалгалтын бүртгэл энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд бүртгэлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим хуудас www.itpd.mn хаягаар явуулж байгаа юм.
Шалгалтад дараах иргэд хамрагдана. Үүнд:
· Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд
· 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилд орсон боловч багшаар ажиллах эрх олгох шалгалтад тэнцээгүй
· Гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдана.
Бүртгүүлэхдээ чээж зураг, багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр хуудас, хавсралт, шалгалтын хураамж төлсөн баримтыг файлаар явуулна. Мөн шалгалтын хураамж 35 мянган төгрөгийг Төрийн сангийн 900015010 дугаарт дансанд аль ч банкны салбараас тушааж болох бөгөөд гүйлгээний утга хэсэгт өөрийн овог нэр, регистерийн дугаарыг бичих юм байна.
Шалгалт тест, эссе бичлэгээс бүрдэх бөгөөд 100 онооноос 70-аас дээш оноо авбал багшлах эрхтэй болох юм.