ОУ-ын математикийн олимпиадаас хоёр хүрэл медаль хүртлээ
Тайланд улсад энэ сарын 4-нд эхэлсэн Олон улсын математикийн олимпиадад манай зургаан сурагч баг болон оролцсон байна. Тэдний хоёр нь хүрэл медаль, дөрөв нь тусгай шагнал хүртжээ. Тодруулбал, О.Бодрол, Б.Эрдэнэбаяр нар хүрэл медаль, Г.Баяржавхлан, Б.Пүрэв, Г.Амарсанаа, Ш.Золбаяр нар тусгай шагнал авсан байна. Тэд нийслэлийн 11, “Орчлон”, “Сант”, “Олонлог” сургуудьд сурдаг аж. Сурагчдыг Монголын математикийн олимпиад болон бусад сорилын дүнг үндэслэн сонгожээ.
Математикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж үнэлэгддэг олон улсын математикийн олимпиад жил бүр ахлах ангийн сурагчдын дунд болдог. Оноогоороо эхний 12-т багтвал алт, дараагийн 12-т орвол мөнгө, удаа 12-т байрт хүрэл медаль олгодог аж. Мөн нэг бодлого бүрэн бодсон ч медаль авч чадаагүй болон “уран” бодолттой оролцогчдод тусгай шагнал хүртээдэг юм байна. Анх 1959 онд Румын улсад зохион байгуулагдаж байсан тус олимпиадад өдгөө таван тивийн 100 гаруй улсын ирээдүйн математикчид оролцдог болжээ.