ЭЕШ-ын ирц 95.6 хувьтай байжээ
ЭЕШ өнгөрсөн сарын 18-21-ний хооронд болсон. Өнөөдөр элсэлтийн шалгалтын дүнг зарлаж байна. Шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайт руу орж өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр орж үзэх юм.
Энэ жилийн хувьд шалгалтын ирц сайн байсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Нийт шалгуулагчдын ирц 95.6 хувьтай байжээ. Энэ нь өмнөх жилүүдээс ирцийн хувьд сайн байсан гэдгийг онцлов.
Одоогоор Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад батламж гардуулах ажил эхлэх гэж байна. Энэ жил төгссөн сурагчид өөрийн сургуулиасаа батламжаа гардаж авна. Орон нутгийн сурагчид ч мөн тухайн сургуулиасаа авах юм. Харин өмнөх жилийн төгсөгчдийн хувьд Боловсролын үнэлгээний төвөөс батламжаа авна гэдгийг санууллаа. Батламж тараах ажил маргааш өглөөнөөс албан ёсоор эхлэх юм.
ЭЕШ-ын дараа иргэдээс дүнтэй холбоотой гомдол багагүй ирдэг байна. Ялангуяа шалгалтын дүнтэй санал нийлэхгүй асуудал гардаг аж. Шалгуулагчид ЭЕШ-ын оноотой санал нийлэхгүй бол Боловсролын үнэлгээний төвд гомдлоо гаргах боломжтой гэдгийг дуулгалаа. Гол нь шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтааж гомдол гаргах ёстой. Гомдлоо бичгээр гаргаж, “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр” гэсэн хаягаар Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх юм.
Боловсролын үнэлгээний төвөөс иргэдээс ирсэн санал, гомдлыг шийдвэрлэх комисс гарган ажилладаг. Ингэснээр таны илгээсэн өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж өгдөг байна. Харин шалгуулагчийн буруутай үйлдлээс үүдсэн өргөдлийг шийдвэрлэхгүй. Мөн шалтгаанаа тодорхой заагаагүй, буцах хаяггүй өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхгүй гэдгийг анхааруулж байна.