ЭЕШ Хан-Уул дүүрэгт ХААИС-д явагдаж байна
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын “Боловсролын тухай” хуулийн 37 дугаар зүйл, “Дээд боловсролын тухай” хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, явцын байдалд хяналт тавин ажиллаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт нь орон даяар 06 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд явагдах бөгөөд Хан-Уул дүүрэгт Хөдөө аж ахуйн их сургууль дээр явагдаж байна.
Шалгалтанд оролцогчид дараах зүйлийг анхаарах шаардлагатай байна. Үүнд:
Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасны дагуу
- Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.
- Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
Мөн шалгалтанд орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Бүртгэлийн хуудас. Энэ онд Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид аймаг/ дүүргийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
5. Элсэлтийн ерөнхий шалгалтанд орох эрхийн бичиг /Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсныг гэрчлэх бичиг/
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС