Ажлын байрны нээлттэй өдөрлөгөөр 153 залуу ажлын байртай боллоо
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачилгаар Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбоо хамтран “Ажлын байрны нээлттэй өдөрлөг 2015” хөдөлмөрийн яармагийг Гадаад хэргийн яамны байранд зохион байгууллаа. Тус өдөрлөг 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Говь-алтай аймгийн оюутан залуучуудад нээлттэй ажлын байрыг танилцуулан, ажилд зуучлах зорилгоор зохион байгууллагдаг арга хэмжээ юм.
Үйл ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлсэн бөгөөд залуусдаа амжилт хүсч “Та бүхэн илүү их хөдөлмөрлөвөл гэрэлт ирээдүй өмнө чинь зурайж байна. Хүн залуу насандаа ихийг хийж бүтээж чадвал зорьсон зорилго хүссэн газартаа саадгүй хүрдэг. Ялангуяа оюутан байх хугацаандаа ажил хийж ажлын туршлагатай болох нь төгсөөд ажлын байран дээр гарахад давуу тал болдог” гэдгийг санууллаа.
Энэ удаагийн хөдөлмөрийн яармаг хичээлийн жил дуусаж байгаатай холбогдуулан ихэвчлэн зуны гурван сар ажиллах болон сургуулиа төгсөөд байнгын тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой 400 гаруй хүн оролцоо. Өдөрлөгт томоохон аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллүүд болох Номин ХХК , Сүнжин гранд ХХК , Цэцэг зочид буудал, Парк зочид буудал, Монголын зочид буудлуудын нэгдсэн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газар , Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Декор зочид буудал, Cashmere holding ХХК зэрэг 10 гаруй байгууллагын 600 гаруй нээлттэй ажлын байр зарлагдаж, 153 хүн ажлын байранд зуучлагдсан үр дүнтэй өдөрлөг болж өндөрлөлөө.