ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна

2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5963 суралцагч, 9 дүгээр ангийг 20114 суралцагч төгсөх юм. 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэхээр байна.
Нэгдүгээр ангид 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс 2009 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд 5 настай буюу 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.









