Б.Анхбаяр: Хүн өөрийн сонирхолдоо нийцсэн мэргэжил эзэмшсэн л бол ажилдаа эзэн нь болж чаддаг
“Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн 6 дахь удаагийн дугаарт “UA Consulting”компанийн гүйцэтгэх захирал, хүний нөөцийн менежер Б.Анхбаяр оролцлоо.
Хүний нөөц гэдэг мэргэжил, нэршил нь Монголд саяхнаас хэрэглэгдэж байгаа шинэ ойлголт бөгөөд хуучнаар бол “Боловсон хүчин” гэж ойлгож болно.Харин боловсон хүчнээс ялгарах гол ялгаа нь байгууллагын үйл ажиллагаа, үнэт зүйлсийг ойлгон, баг болон ажиллаж чадах чадварлаг ажилтанг эрж хайж олдогявдал юм. Яг энэ тухай тус лекцийн зочин оролцогчидтой ярилцаж, хүний нөөцийн менежер мэргэжлийн сайн, муу тал, тулгардаг бэрхшээл, түүнийг даван туулсан арга замууд болоод ажил мэргэжлийнхээ талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “Миний мэргэжил хүнтэй ажиллаж, тэдэнд урам өгч, ажил мэргэжлийн чиг баримжааг нь олгож, заримдаа сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэдэг онцлогтой сайхан мэргэжил. Ер нь хүн өөрийн сонирхолдоо нийцсэн мэргэжлээр л сурч төгссөн бол ажилдаа эзэн нь болж чаддаг.” гэдгийг залуустаа онцлон хэлж байсан юм .
Мөн лекцийнхээ дундуур хүрэлцэн ирсэн оюутан залууст СV болон Resume-ийн ялгаа, хэрхэн сонирхолтой бичих, хаана ашиглах, олон улсын стандартуудын талаар хэрэгтэй мэдээллийг өглөө. Энэ үеэр залуус өөрсдийн сонирхсон зүйлсийн талаар асуулт асууж илэн далангүй ярилцсан юм. Зочин лекцийнхээ төгсгөлд “Хандлага гэдэг хамгийн чухал. Одоо ажил олгогч байгууллагуудын хамгийн эхний чухал шаардлага бол хандлага болсон. Таны бүх юманд хандах хандлага тань сайн байвал ажлын байранд болоод хамт олонтой зохицон ажиллаж чаддаг. Тийм болохоор хандлагаа сайжруулж өөрийгөө олоорой” гэж нийт залуучуудад захилаа.