Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.04.16-2015.04.22/
БСШУ-ны сайд Л.Гантөмөр: Инженер, ХАА, боловсрол, соёлын мэргэжилтнүүдээ дахин сургах бололцоо гарч ирж байгаа нь чухал.
НХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд Монгол Улсаас тусгай тэтгэлэгт солилцооны хөтөлбөрөөр мянган залууг БНХАУ-д суралцуулах шийдвэр гарсан байдаг.
Энэ дөрөв, тавдугаар сардаа багтаагаад эхний 200 оюутныг явуулна. Энэ 200 оюутны 20 нь бакалаврт, 40 нь докторт, 140 нь магистрт суралцана.Солилцооны хөтөлбөрийн онцлог нь тэргүүлэх чиглэлийг барьж оюутнаа сургана. Инженер, ХАА, боловсрол, соёлын мэргэжилтнүүдээ дахин сургах бололцоо гарч ирж байгаа нь чухал. Удахгүй сонгон шалгаруулалтынхаа зарыг залуучууддаа хүргэнэ.
/ www.meds.gov.mn 2015.04.21/
БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун: Хятад, Монгол хоёр улсын тусгай тэтгэлгийн санамж бичигт гарын үсэг зурсандаа би маш их баяртай байна. Санамж бичгийн дагуу бид энэ жилээс эхэлж жил бүр Монгол Улсын талаас 200 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болно. Бидэнд Монгол Улсын боловсролын салбартай ингэж хамтран ажиллах нэг л зорилго бий. Энэ бол Монгол Улсын боловсрол, эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх явдал болно.
/ www.meds.gov.mn 2015.04.21/
БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган: Дэлхийн шилдэг 20 их сургуульд сурахыг хүсэгчдийн дүнг эцэслээгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хавар зарлиг гаргаж Дэлхийн топ 20 сургуульд шалгалт өгч тэнцсэн оюутнуудын сургалтын зардлыг төрөөс даахаар болсон билээ. Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг энэ жилээс хэрэгжиж эхлэх байх. Өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн үргэлжлэл гэсэн үг. Дэлхийн шилдэг 50 сургуульд инженерийн чиглэлээр суралцаж буй оюутанд тэтгэлэг өгдөг байсан. Үүний үргэлжлэл болж хэрэгжих юм.
Зарлигт тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгоно. Түүнчлэн дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгохоор заасан.
Сонгон шалгаруулалтыг сайдын тушаалаар баталсан дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журамын дагуу шалгуулагчийн баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага авах гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Дэлхийн шилдэг 20 их сургуульд сурахыг хүсэгчдийн дүнг эцэслээгүй байна.
/ Үндэсний шуудан 2015.04.21 №078/