Оюутнууд монгол улсаа сурталчлав
Франц Улсын Шамберигийн Их сургуульд суралцаж буй Монгол оюутан Баярмаа, Нурсаяа, Хонгорзул нар Шамбери хотын захиргаанаас жил бүр зохион байгуулдаг гадаад улсын оюутан залуус эх орноо сурталчлах, танилцуулах олон улсын фестивалд хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо. Энэхүү фестивалийн зорилго нь олон улсын оюутанууд өөрсдийн хэл соёл, түүх, уламжлалыг Шамбери хотын оршин суугчдад танилцуулах, сурталчлахад оршдог юм.
Манай улсын гурван оюутан Монгол үндэсний хувцасаараа гоёж, Монгол хоол бэлтгэн хоёр өдрийн турш эх орноо амжилттай сурталчиллаа.
Түүнчлэн Монголыг сонирхсон, Монгол руу аялахыг хүссэн хүмүүст зөвлөгөө өгч, франц хэл дээр хэвлэгдсэн Монгол хэмээх сэтгүүлийг бэлэглэжээ.
Энэ жилийн 17 дахь удаагийн фестивальд 28 орны 100 гадаад оюутан оролцсон ба 4000 орчим хүн үзэж сонирхсон байна.