Төрийн дууллын эхний бадгийг Д.Цэвэгмид гуай бичжээ

2015 оны 4 сарын 01
-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт дипломатч, зохиолч, эрдэмтэн, анхны гавьяат багш Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж байна-
 

Шинжлэх ухааны академийн академич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад хэргийн яаманд болж байна.    
 
Монголын үе үеийн хүүхэд багачуудад "Хоньчин Найдан", "Болд Самбуу хоёр" тууж, "Сурагч Ганбат", "Салхин зээрд" өгүүллэг, "Булшин дээр" найраглалаараа танил болсон энэ эрхэм бичгийн хүмүүн шинжлэх ухаан, боловсролын салбарт бүхий л амьдралаа зориулсан алдартай эрдэмтэн, гавьяат багш хүн төдийгүй Монгол Улсаа НҮБ-д элсүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж, БНХАУ-д Элчин сайдаар ажиллан төрийн алтан аргамжийг атгалцаж явсан нэрт дипломатч байсан юм. Мөн АИХ-ын дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга,  Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, Дээд, тусгай боловсролын улсын хорооны дарга, Соёлын яамны сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг нэр төртэй хашсан төрийн зүтгэлтэн байв. 
 
Д.Болдбаатар: Цэвэгмид багш олон төрийн сайд, академичдыг төрүүлэн гаргасан

-Д.Цэвэгмид гуайн сэрүүн тунгалагтаа өөрийн туулсан амьдралынхаа талаар шавь нартаа ярьж байсан гэдэг. Танд тэмдэглэж авсан зүйл нэлээд бий гэх юм? 

-Цэвэгмид багшийн талаар бүрэн тодорхойлолт хэлнэ гэвэл барагдахгүй. Амьдралынх нь онцгой сонин агшнуудаас хэдэн зүйл хэлж болох юм. Жишээ нь, Цэвэгмид багш 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байсан. Баривчлагдаж нэг сар шоронд суусан. Яагаад гэвэл буриад угсаатай гэдгээсээ болсон. Ерөөсөө л сургуулийн хоёр шуудай төмс ялзарсан байсныг сүүлд Дотоод явдлын яамны сайд болсон Цэдэв гуай тэнд ажиллаж байсан тул мэдчихэж. Тэгээд л "Хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Сургуулийн хоёр шуудай төмсийг ялзруулсан" гэж шүүмжлээд л хурлаас гарахад нь шууд баривчлаад шоронд хийчихсэн гэдэг. Шоронд анх ороход нь хоригдлууд эхлээд дээрэлхэх маягтай байсан гэнэ. Хэд хоногийн дараа "Арван таван наст капитан", "Усан доогуур 20 мянган бээр аялсан нь" зэрэг элдэв сайхан зохиолуудыг ярьж өгсөөр байгаад сүүлдээ шоронгийн хоригдлуудын багш болсон. Тэдний дунд маш хүндтэй, хамгийн түрүүнд хоол өгдөг байсан гэж байгаа. Тэгээд шоронд сар  хэртэй суугаад байтал нь МАХНын Төв хорооны нарийн бичгийн дарга Дамба гуай "Намын Төв хорооны Тэргүүлэгчдэд Дарвинизмын хичээл зааж байсан Цэвэгмид хаачив" гэж гэнэт сураглажээ. Тэгсэн "Баригдсан" гэж. Дамба дарга "Та нар онц хэрэг явдалгүй бол тэр хүнийг сулла. Ямар учиртай юм" гэжээ. "Хоёр шуудай төмс ялзруулсан хэрэгтэй" л гэж  хариулсан юм биз. Тэгээд багш шоронгоос гарч байсан гэдэг. Ийм зүйлийг өөрөө ярьдаг байсан. 

-Хэдэн оны үед шоронд суусан юм бол? 

-1939 онд. Шоронд сууснаас илүү хоёр дахь сонин баримт нь бол Цэвэгмид багш Москвагийн их сургуульд сурч байхдаа Ц.Дамдинсүрэн гуайн саналаар Төрийн дууллын үг бичих ажилд хамтран оролцож эхний бадгийг нь бичсэн гэдэг.Дархан манай хувьсгалт улсДаяар Монголын ариун голомтДайсны  хөлд хэзээ ч өртөхгүйДандаа энхжин үүрд мөнхжинө гэсэн энэ бадгийг Цэвэгмид багш бичсэн. Сүүлийн хоёр бадгийг нь Ц.Дамдинсүрэн гуай бичээд тэгээд хамтраад явуулсан. Тухайн үед Ц.Дамдинсүрэн гуай "Даяар Монголын" гэдэг үгэн дээр эргэлзэж, "Панмонголизмын үзэл гээд сүйдлэх вий" гэж хэлж байжээ. Гэтэл сүүлдээ багшийнх биш болоод ерөөсөө ганцхан Ц.Дамдинсүрэн гуайн нэр дээр зохиогч нь гарсан. Энэ тухай Ц.Дамдинсүрэн гуайд хэлэхэд Зохиолчдын хороонд хэлнэ ээ л гэдэг байжээ. Гэвч тухайн үед Төрийн дууллын үг нэгэнт батлагдчихсан байсан учир тэгээд өнгөрсөн. Энэ талаар Цэвэгмид багш "Би алдар гавьяа горилж байгаа юм биш. Юм үнэнээрээ байх ёстой тул энэ зүйлийг хэлж байна аа" гэж хэлж байсан. 

-Сонирхолтой түүх байна.   

-Бас нэг сонин зүйл бол төр, нийгмийн зүтгэлтний хувьд юмыг үнэхээр нягталж хардаг, энэрэнгүй, хүнлэг, нигүүлсэнгүй сэтгэлээс хандаж чаддаг хүн байсан гэдгийг нь батлах жишээ бий. Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн асуудлаар байгуулагдсан комисс дээр Цэвэгмид багш ярилцлага өгчээ. Комиссын гишүүдийн нэг нь "Та 140 гаруй хүүхдийг их, дээд сургуульд элсүүлэхээр цохолт хийж, хэрэг дээрээ арын хаалгаар оруулсан" гэсэн. Тэгэхэд Цэвэгмид багш "Өө, наадах чинь бага байна. Би 300-400-г цохоо биз. Өнөөдөр ажилчин, малчин 10 хүүхэдтэй айлын нэг нь ч дээд боловсролгүй байна. Тийм улсууд над дээр орж ирдэг. Тэгээд нэг гэр бүлд нэг дээд боловсролтой, гэгээтэй хүн байг дээ гэж бодоод би өргөдлийг нь цохдог байсан. Наадах чинь бол цөөхөн байна. 300-400 өргөдөл цохож байсан" гээд чимээгүй болгосон гэдэг.

Д.Цэвэгмид гуайн ректороор нь ажиллаж байсан МУИС-ийн хичээлийн байрны хананд дурсгалын самбар босгов.

 Дараа нь Соёлын яамны сайдаар ажиллах саналыг 1980 онд Цэдэнбал дарга багшид тавьсан. Соёлын яамны сайдыг хавсарч ажилла гэсэн. Цэвэгмид багш тэгэхэд Шинжлэх ухаан, дээд боловсролын газрын дарга байсан. Тийм учраас "Би ийм давхар ажилтай" гэж хэлсэн байгаа юм. Гэтэл Цэдэнбал дарга уурласан. "Чи нам, засгийн даалгаврыг биелүүлсэнгүй. Соёлын яамны сайдыг хавсарч ажилла" гэсэн. Тэгэхээр нь Цэвэгмид багш "Би мэдлэг, чадвар ч хүрэхгүй" гээд татгалзаад байсан чинь сүүлдээ Цэдэнбал дарга аргадсан гэж байгаа юм. "Үгүй ээ, цаад авгай чинь /Анастасия Ивановнаг хэлж байна/ хүн амьтантай таарч өгөхгүй хэцүү юм. Чи л нэг тэнд очвол аргыг нь олоод байх байх. Чи сайд болж өгөөч" гэж гуйгаад Соёлын яамны сайд болгосон гэсэн. Сайдаар ажиллаж байхдаа маш олон зүйлийг аргалж байсан. Авгай дургүй нь хүрэхээрээ ардын жүжигчин, дуучин Д.Жаргалсайханыг, ардын жүжигчин Н.Норовбанзадыг хөдөө явуул, сумын клубын эрхлэгч болго гээд л загнадаг. Тэр бүхнийг Цэвэгмид багш аргалдаг байсан гэдэг.Соёлын яамны орлогч сайд байсан Баатарцогт бид хоёр саяхан ярилцаж байхад энэ тухай ярьж байна лээ. Цэвэгмид багш Баатарцогтод "За, авгай тэрний тухай тэгж загнасан шүү. Чи асуувал тогтоол бэлтгэж байна гэж хэлээрэй. Дараа нь дахиад асуувал холбогдох дарга нарт хэлж, ярьж байна гэж хэлээрэй. Ингээд аргалаад хойшлуулаад байгаарай" гэдэг байж. Тэгсгээд авгай мартчихдаг, нөгөө хүн нь  хөдөө явалгүй үлдчихдэг байжээ. Жишээ нь нэг өдөр юу болсон юм Филатова Н.Норовбанзад гуайг суманд хөөж явуул гэсэн байна. Үүнийг нь эсэргүүцээд байхаар Цэвэгмид багшийг өөрийг чинь хар гэрт хийнэ гэж загнаж бйсан гэдэг. Тэр бүгдийг л аргалж, их ухаалаг хандаж, асуудлыг зөв зохистой шийдвэрлэж байсан. Ер нь их ухаантай хүн байсан даа манай Цэвэгмид багш. Юманд их тэвчээртэй хандана. Бүр болохгүй, гал асах асуудлыг ч их эвтэйхэн учрыг нь олно. Хүмүүст ойлгуулна. Энэ бол төрийн зүтгэлтний үнэхээр том шинж байсан даа. 

-Таны хувьд Цэвэгмид гуайтай хэрхэн багш, шавь болсон бэ? 

-Би ном заалгаж багш шавийн барилдлага тогтоогоогүй. Гэхдээ миний амьдралд Цэвэгмид багш их том үүрэг гүйцэтгэсэн. МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваариа сольж, түүхийн ангид орох гээд Цэвэгмид багш дээр хөдөөний нусаа татсан хүүхэд зориглож ороход түүхийн ангид оруулж өгсөн. Дараа нь сургуулиа төгсөөд их сургуульд багш болчихоод ганц хоёрхон хоног ажиллаж байтал Төв хороо дуудаад "Булган аймгийн Намын хороонд лектороор яв. Маргааш ирж томилолтоо ав" гэлээ. Ж.Батмөнх гуай манай дэд захирал байлаа. Тэгээд энэ талаараа түүнд хэлсэн чинь "Төв хороо тэгсэн бол яах ч аргагүй" гэнэ. Ректорын нарийн бичгийн дарга Пагважав гуайд мөн учраа хэлтэл Цэвэгмид багштай уулз гэсэн. Цэвэгмид багш тэр үед МУИС-ийн ректор, АИХ-ын даргын сонгуультай ажилтай байсан. Тэгээд Цэвэгмид багшид хэлсэн чинь  шууд Төв  хороо руу утасдаад "Манайх дөрвөн жил сургасан юм. Ганц багш авахаа бид мэднэ ээ" гэсэн. "Маргааш би Төв хороон дээр очих уу, яах вэ" гэсэн чинь "Би хэлчихсэн. Чи явж ажлаа хий" гээд. Би тэгж багш болж байсан. Цэвэгмид багшаас их сургууль төгссөн улаан диплом гардаж авч байлаа. Тэр дурсгалтай зураг одоо надад бий. Би Цэвэгмид багшийнхаа тухай нэг өгүүлэл бичсэнийгээ өргөжүү лээд "Олноо хүндэтгэлт багш мину" гэж товхимол бичсэн. Түүнийгээ олон зүйлээр баяжуулаад томоохон ном гаргах бодолтой байна. 

-Та түрүүнд Ж.Батмөнх гуайн тухай цухас дурдлаа. Д.Цэвэгмид гуай Ж.Батмөнх гуайгаас эхлээд төр, нийгмийн олон зүтгэлтнийг төрүүлэн гаргасан хүн гэдэг? 

-Төрийн олон сайд нарыг төрүүлж гаргасан. МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх гуайг өсгөж өндийлгөж төр, нийгмийн том зүтгэлтний зэрэгт хүргэсэн. Шүүх яамны сайдаар хожмын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, ардын багш Бирагийн Чимидийг томилуулсан. Ц.Санжаасүрэн багшийг Боловсролын яамны сайдаар, Миеэгомбо багшийг Намын дээд сургуулийн ректороор томилуулсан. Энэ мэтээр улс төрийн зүтгэлтнүүдийг олноор бэлтгэж гаргасан. Эрдмийн өгөөжийн хувьд, миний түрүүний хэлдгээр ач буянаа өгсөн хүн гэвэл тоо томшгүй. Өөрийнх нь судалгаа шинжилгээ хийж байсан биологийн салбраас гэхэд шавь Шагдарсүрэн нь академич болсон. Сүүлд Шагдарсүрэн гуай МУИС-ийн ректороор ажилласан. Мөн Боловсролын сайд Өлзийхутаг байна. Зохиолчийн хувьд олон хүн Цэвэгмид багшийн үлгэр дууриалаар бичиж туурвиж байсан.   

Ж.Болдбаатар академичийн яриаг үргэлжлүүлэн Д.Цэвэгмид гуайн Монголын уран зохиолд оруулсан хувь нэмрийн талаар ярих аваас хэд хэдэн зүйлийг онцолж болно. Эрдэмтэн, зохиолч Л.Түдэв түүний тухай "Цөөхөн боловч шилдэг бүтээлүүд нь Монголын уран зохиолын алтан санд орсон. Д.Цэвэгмидийн 17-20 насандаа 1932-1935 онд бичсэн туужууд нь шинэ үеийн хүүхдийн зохиолын алтан санд орсон" хэмээн үнэлсэн байдаг.Д.Цэвэгмид гуай 1929 онд байгуулагдсан уран зохиолын анхны бүлгэмд 1930-аад оны үед элсчээ. Анхны зохиол "Хайран хамар" гэж шүлгээ Д.Нацагдоржид үзүүлсэнд "Аятайхан шүлэг болж, гэхдээ засах хэрэгтэй юм байна" хэмээн зөвлөж байсан гэдэг. Тэрээр удалгүй өөрөө зохиолчдыг бэлтгэх үйлст гар бие оролцох болжээ. 1935 онд Дорнодын Баянтүмэнд багшаар ажиллаж байхдаа нэрт зохиолч С.Буяннэмэхтэй захидлаар харилцаж байв. Нэгэн захидалдаа "Энд уран зохиолын бүлгэм байгуулагдав. Миний бие хүлээсэн үүрэг ёсоор уран зохиолын бүлгэм байгуулж ажлыг нь явуулахыг зорьдог билээ" гэх дурджээ.  Д.Цэвэгмид гуайн удирдаж байсан энэ дугуйланд хожмийн эрдэмтэн, зохиолч Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуай суралцаж байжээ. Тухайн үед тэрээр Дорнод аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан аж. Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт зохиолч С.Дашдэндэв гуай Д.Цэвэгмид гуайн удирддаг уран сайхан, дуу хөгжмийн дугуйланг хариуцаж ажиллуулж байжээ. Энэ дугуйлангаас нь ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, С.Гэндэн, гавьяат жүжигчин Цэрэнноров нар төрөн гарсан гэдгийг утга зохиол судлаач, доктор, профессор С.Байгалсайхан Д.Цэвэгмид гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр онцолж байв. Мөн гадаадын улс орнуудад Элчин сайдаар ажиллаж, дипломат албанд зүтгэхийн зэрэгцээ олон сайхан замын тэмдэглэл бичсэн нь Монголд олон улс судлал, орон судлалын үндсийг тавьсан гэдгийг Онц бөгөөд Бүрэн эрхт элчин Д.Баярхүү илтгэлдээ дурдсан.  1959 онд Монголч эрдэмтийн анхдугаар их хурлыг санаачлан, зохион байгуулахад гол үүрэгтэй оролцсон хүн бол Д.Цэвэгмид гуай. Энэ тухай "Дэлхийн монгол судлалыг шинэ шатанд гаргасан энэ их хурлыг зохион байгуулсан нь Д.Цэвэгмид тэргүүтэй Монголын эрдэмтдийн гавьяа" хэмээн Оросын нэрт эрдэмтэн Н.Ю.Рерих бичсэн байдаг. Г.Сонинбаяр
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19949
1 эможи
keyboard_arrow_up