Казах Залуучуудын холбоотой хамтран ажиллана
Жил бүрийн гуравдугаар сарын 22, өдөр, шөнө тэнцдэг энэ өдрөөр казах түмэн Нарны баяраа тэмдэглэдэг. Уулзан учирч, ёс заншлаа хэлэлцэж, өвгөд хөгшдөө хүндлэн ёс уламжлалаа дээдэлсэн энэ баяраа Казах залуучууд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тухайлбал өнгөрөгч амралтын өдрүүдэд Казах залуус нэгдэж “Богд Хааны рашаан” булагийн эргэн тойрон дах элдэв хог хаягдал, чулуу модыг цэвэрлэн баяр ёслолын үеэр ууж идэх, наргих цэнгэхээсээ илүү байгаль дэлхий, гол усаа цэвэрлэж хангай дэлхийгээ баярлуулахыг илүүд үзсэн билээ. МЗХ-ны Улаанбаатар дах Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо, Казах Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан уг ажилд 20 Казах залуус оролцсон юм.
Тэгвэл өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо болон Монголын Казах Залуучуудын Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн гол зорилго нь залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэхэд нь дэмжих, тэднийг чадавхижуулахад чиглэсэн үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, залуусын дуу хоолойг төр засагт хүргэх, нийгмийн бүхий л арга хэмжээнд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд уг 2 байгууллага хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлж, хамтран ажиллах аж. Уг хамтын ажиллагааны санамж бичигт МЗХ-ны Удирдлага Хамтын Ажиллагааны Газрын дарга Б.Эрдэнэбат болон Монголын Казах Залуучуудын Холбооны тэргүүн Ш.Айдос нар гарын үсэг зурлаа.
Мөн энэ үеэр салбар бүртээ амжилттай ажиллаж байгаа Казах залуусын хөдөлмөр бүтээлийг нь үнэлж МЗХ-ны эрхэм хүндтэй шагналыг гардууллаа. МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдгээр Х.Марат, “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр З.Раймбек, “Цэргийн алдар” цол тэмдгээр Б.Еркебулан, “Тэргүүний төрийн залуу түшээ” цол тэмдгээр Р.Нагашбай нар тус тус шагнагдлаа. Мөн Монголын Казах Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон гардуулдаг “Улсын цолонд ойрхон” бөхийн шагналыг аймгийн арслан М.Еркебуланд гардуулан өгсөн юм.