Монгол хэл, бичгийн эхний шалгалтыг энэ сарын 21-нд авна
Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19.293 сурагч төгсөж байгаа. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25.000 орчим хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо гарчээ. Шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусах юм. Төгсөгчдөөс өнгөрсөн жилээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалт авах болсон ч тухайн үед цөөн хүүхэд өгснөөс шалгалтыг дахин авсан.
Тэгвэл энэ жил тус шалгалтын босго оноог 400 болгон тогтоож, үүнээс бага оноо авбал элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болгожээ. Шалгалтыг энэ сарын 21, дөрөвдүгээр сарын 25-нд авахаар болсон байна. Эхний шалгалтад 400-гаас бага оноо авсан хүн дахин шалгалт өгнө. Харин 400-гаас дээш оноо авсан болон эхний шалгалтад ороогүй хүн дахин шалгалт өгөх эрхгүй юм. Өмнөх оны төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалт өгөхийн тулд www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ.
Харин энэ онд ХII анги төгсөж буй шалгуулагчдын монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл автоматаар хийгдэж, суудлын хуваарь,бүртгэлийн хуудсыг сурч буй сургуулиар нь тараана. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 9-нд буюу ирэх даваа гаригт дуусна.