Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүд танилцлаа
2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт Хан-Уул дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн сургуулиудад хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрч байгаатай танилцахаар БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүд 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон, багш нарын хичээлд сууж ажиглалт хийн зөвлөн тусалж байгаа юм. Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс сургууль, цэцэрлэгүүдтэйгээ хамтран цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, багш удирдлагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр олон талт ажлууд хийгдэж, тодорхой үр дүнд хүрч байгаа нь ажиглагдлаа.
115-р сургуулийн багш Б.Өлзийнаран иргэний боловсрол, 18-р сургуулийн Б.Шархүү багшийн 5-р ангид заасан амьдрах чадварт суралцах цагийн үйл ажиллагаанаас ажиглахад суралцагчдын бие даан ажиллах чадвар, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа зэрэгт гарч буй ахиц амжилт нь өмнөх үеийнхээс маш сайн, дээшилсэн байна гэж хариуцсан мэргэжилтэн нь дүгнэв.
Дүүргийн боловсролын хэлтсээс санаачлан бага ангийн бүх сурагчид нь “Сэтгэлийн дэвтэр”-тэй ба сар бүрийн 1, 3 дахь долоо хоногийг судлагдахууны өдрүүд болгож харилцан бие биенийхээ хичээлд сууж сайн хичээлийн санг баяжуулдаг.Харин сургалтын менежерүүд нь шинээр санаачлан хэрэгжүүлж үр дүнтэй хэрэгжиж буй ажлаа сар бүр бусдадаа мэдээлдэг, хэлтсийн мэргэжилтнүүд нь хэрэгжилтийн багийн гишүүд болон Нийслэлийн боловсролын газрын сургагч багш нартай хамтран долоо хоног бүрийн Баасан гарагт сургууль, цэцэрлэгүүд дээрээ ажиллан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг зэрэг ололттой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газраас сургууль, цэцэрлэгүүдийнхээ материаллаг орчинг сайжруулах чиглэлээр санаачлагатай ажиллан тодорхой үе шаттай ажлуудыг хийж байгааг хэлтсийн дарга дурдлаа. Тухайлбал 34, 52-р сургуульд хими, физикийн иж бүрэн лаборатори кабинет нийлүүлсэн байна. Дүүргийн хэмжээнд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар нэгдсэн дүнгийн хурал 2 сарын 27-нд дүүргийн хурлын зааланд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.