Өнөөдөр хамгийн ахмад оюутан сургуулиа төгслөө
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хамгийн ахмад оюутан өнөөдөр сургуулиа төгсөж байна. Өнөөдөр ШУТИС-ийн 73 дахь төгсөлт тохиож байгаа бөгөөд бакалавр, магистрын нийт 1600 оюутан төгссөн юм. Тус сургуулийн хамгийн ахмад оюутан 65 настай Н.Нямжав нь хоёр жилийн өмнө ШУТИС-ийн Барилга архетектурын сургуулийн Сантехникийн инженерийн ангид элсэн орж, энэ жил бакалаврын зэрэгтэй төгсөж байгаа нь энэ юм. Тэрбээр 1969 онд МУИС-ийн Барилгын инженерийн магистрын ангийн III курсээ төгсөөд, төрөөс дипломат ажилтныг бэлтгэх компанит ажилд шалгарч Орос улсад дипломатын мэргэжил эзэмшиж төгсчээ. Түүнээс хойш дипломат албандаа дөчөөд жил ажилласан байна. Н.Нямжав "Орчин цагийн инженерийн мэдлэгийг эзэмшиж өнөөдөр сургуулиа төгсөж байгаадаа баяртай байна. Төгсөөд инженерийнхээ мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаа. Байгуулагуудаас манайд ирж ажиллаач гэсэн саналууд ирсэн. Залуу хүмүүстээ хандаж хэлэхэд мэдлэг боловсрол эзэмшихэд хэзээ ч оройтдоггүй юм шүү гэж хэлмээр байна" гэв.