"УХААЛАГ ХОТЫН ОЮУНЛАГ ХҮҮХДҮҮД" ном уншлагыг идэвхижүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс нь АНУ-ын Азийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хан-Уул Орон Нутгийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Буянт-Ухаа цогцолбор, 10, 26, 60, 114, 118-р сургуулийн сурагчдын дунд ном унших идэвхийг нэмэгдүүлэх зорилготойгоор "УХААЛАГ ХОТЫН ОЮУНЛАГ ХҮҮХДҮҮД" ном уншлагыг идэвхижүүлэх төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Азийн сангийн төлөөлөгч, ДЗОУБ-ын ажилтнууд төсөл хэрэгжүүлэх зургаан сургуулийн захирлыг хүлээн авч уулзан "УХААЛАГ ХОТЫН ОЮУНЛАГ ХҮҮХДҮҮД" ном уншлагыг идэвхижүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.
Сургуулийн захирлууд тухайн үйл ажиллагааг нааштайгаар хүлээн авч, сургуулийн онцлогтоо тулгуурлан санаачлагатай ажиллахаа илэрхийлсэн.
Өнгөрөгч баасан гарагт Хүүхдийн номын ордонтой хамтран дээрх зургаан сургуулийн номын санч, англи хэл, монгол хэл уран зохиолын багш нарт зориулан сурагчдын дунд ном унших идэвх, хүслийг дэмжих төрөл бүрийн арга хэмжээг хэрхэн явуулах, номын клуб байгуулах талаарх сургалтыг зохион байгуулав.
Азийн сан сургуулиудтай хамтран номын сангийн өдөрлөг зохион байгуулж, номын клубын ололт амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ эцэг эх болон хүүхдүүдэд ном уншихын ашиг тус, давуу талуудыг танилцуулж, тус сангаас хөтөлбөрт хамрагдсан 6 сургуульд англи хэл дээрх хэвлэгдсэн ном хандивлаж, олон нийтийн хүртээл болгоно.
Хамтран ажилласны үр дүнд тухайн зургаан сургуульд нийт 280 гишүүнтэй номын клуб байгуулагдаж, дунд сургуулийн номын клубын жишиг загвартай болно.
Мөн англи хэл дээрх номын хүртээмж нэмэгдсэнээр номын клубын гишүүдийн англи хэлний мэдлэг өсөхийн зэрэгцээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрсдийнх нь оролцоотойгоор зохион байгуулагдаж, бүтээлч сэтгэлгээг нь нэмэгдүүлэн бие дааж өөрсдийгөө хөгжүүлэх амьдрах арга ухаанд суралцана.
ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС