Шинжлэх ухааныг хохироодог гашуун түүх давтагдах ёсгүй !
ШУА-ийн зарим хүрээлэнг их сургуулиудтай нэгтгэх Засгийн газрын тэргүүний санал сүүлийн үед томоохон сенсааци дэгдээж, шинжлэх ухааны байгууллагуудыг ихээхэн хөдөлгөөнд оруулаад байна. Би анхандаа Ерөнхий сайд Эх орныхоо шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, урагшлуулахын төлөө дээрхи саналыг гаргасан байх гэж бодсон ч харамсалтай нь тийм биш, гагцхүү өмнөх Засгийн газрынхаа бий болгосон эдийн засгийн хүндрэлийг гэтлэх арга замаа олж ядсандаа ШУА-ийн зарим хүрээлэнг зольж, ажлын байрнуудыг нь булааж авахыг санаархсан бололтой.
Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэсэн үг бий. Энэ үгийн үнэнийг өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд 1997 онд Засгийн газрын 31 тоот тогтоолоор ШУТИС-д нэгтгэгдсэн ШУА-ийн Геологийн хүрээлэнг болон тухайн үед Японы “ЖАЙКА” агентлагийн шугамаар “Монголын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн” төслийг хэрэгжүүлж байсан салбарын Геологи, эрдэс баялгийн хүрээлэнг тус тус ямар хувь заяа угтсан, дараа нь юу болсныг нийтэд сонордуулах нь зүйтэй гэж бодлоо.
Засгийн газрын 1997 оны 31 тоот тогтоолыг бид өчүүхэн ч эсэргүүцэлгүйгээр хүлээн авч, хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орсон. Эхлээд хоёр хүрээлэнгийн хамт олны өргөтгөсөн хурлыг зохион байгуулж хоорондоо нэгдэх шийдвэрээ гаргаж удирдлагаа сонгосон. Дараа нь хурлынхаа шийдвэрийн дагуу ШУТИС-ийн удирдлагатай уулзаж хамтран ажиллах асуудлаараа зөвшилцөж эхэлсэн. Гэтэл Хүрээлэнг маань гагцхүү “ШУТИС-ийн харъяа” гэсэн хаяг зүү, багшийн сул орон тоо байхгүй тул эрдэмтдийг чинь тэнхимүүдэд хуваарилж сургалтын үйл ажиллагаанд хамруулах боломжгүй, сургууль хичээлийн байраар дутагдаж байгаа тул өөрсдөө түрээсийн байр олоод нүүж ор, хийх ажил, санхүүжилтээ өөрсдөө ол гэснээр зөвшилцөл дуусгавар болсон.
Нэгэнт байдал ийнхүү Засгийн газрын тогтоолын дагуу өрнөөгүй тул Хүрээлэн нэг ёсондоо гудамжинд хаягдах нөхцөл бүрдсэн нь тодорхой. Энэ зуур “чоно борооноор” гэгчээр хуучин хүрээлэнгүүдийн байр, хогшил хөрөнгийг булаах үйл ажиллагаа шинээр байгууулагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс ч, ШУА-ийн дотор ч эхэлсэн.
Байдлыг тэвчиж чадахаа байгаад Хүрээлэн ч задран нийтдээ 7-8 хэсэгт хуваагдаж, зарим нь компани байгуулж, зарим нь ШУА-ийн Палеонтологийн төв, Геоэкологийн хүрээлэнд шилжиж, харин Монголын Геологи судлалаа үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй 30 гаруй хүн нь Гэгээрлийн яамны сайдад хандаж үүссэн нөхцөл байдлаа танилцуулахад хүрсэн. Харин тэр үед ардчиллын алтан хараацайн нэг, өндөр боловсролтой сэхээтэн, доктор, Гэгээрлийн сайд Ж.Лхагважав ухаалаг хандаж, Гэгээрлийн сайд, ШУА-ийн ерөнхийлөгчийн хамтарсан тушаал гаргаснаар “ШУТИС-ийн харъяа Геологи, эрдэс баялгийн хүрээлэн” 5 сарын турш гудамжинд байснаа ШУА-д шилжсэн билээ.
Богинохон хугацаанд ч болов гашуун хувь заяаг амссан ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монголын Геологи судлалаа үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлд боломжийн хэрээр үр дүнтэй ажилласан, гэхдээ санхүүжилт нэмүү байсан бол илүү ихийг бүтээх байлаа. Энэ зуур Хүрээлэн Ашигт малтмалын газрын захиалгаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн геологи, тектоник, ашигт малтмалын анхны 1:1000000-ын масштабын төрөлжсөн зургуудыг анх удаа үндэсний мэргэжилтнүүдийнхээ хүчээр зохиож геологийн үйлдвэрлэлд болон мэргэжлийн сургалтын практикт нэвтрүүлсэн төдийгүй БНХАУ, БНСУ, Казахстан, Монгол, ОХУ-ын Геологийн албадуудаас хамтран хэрэгжүүлж буй “Төв Ази болон зэргэлдээх нутгуудын геологийн зургуудын атлас” төслийн геологи, тектоник, металлогени, эрчим хүчний түүхий эдийн минерагенийн зургуудыг зохиолцон Төв Азийн Геологи судлалд ч тодорхой хувь нэмрээ орууллаа. Үүний үр дүнд манай геологийн салбарт шинжлэх ухааны ба төр, засгийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа анх удаа дээд төвшинд хүрсэн юм.
Монголын Геологи судлал нь Дэлхийн геологийн шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт онол, судалгааны шинэлэг аргачлалуудын үндсэн дээр Монгол орны геологийн тогтоц, түүний үүсэл, хөгжлийн түүх, ашигт малтмалын тархалт ба байршлын зүй тогтлыг илрүүлэн шинжлэх ухааны цогц мэдлэгийг үйлдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй учраас Монгол судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Манайд төр, засгийн эрхмүүд ч тэр, энгийн ард иргэдийн дунд ч геологийг уул уурхайтай хутгаж ойлгодог сэтгэхүй их дэлгэрчээ. Гэтэл геологи нь бүх төрлийн судалгаагаа шинжлэх ухааны онол, аргазүйн үндсэн дээр гүйцэтгэдэг эрдэм мэдлэгийн салбар, харин уул уурхай бол геологчдын газар нутгаа судлах явцад илрүүлсэн ашигт малтмалын ордуудыг үйлдвэрлэл-технологийн аргаар боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг материаллаг үйлдвэрлэлийн салбар гэдгийг ялгаж ойлгох нь чухал юм. Чухамдаа энэ бүхнийг зөв ойлгодог учраас өндөр хөгжилтэй улс орнуудад Геологийн албад нь шинжлэх ухаанчаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд манай хөрш БНХАУ-д дэлхийд ганцхан Геологийн Шинжлэх ухааны академи (Хятадын Геологийн ШУА) ажилладаг жишээтэй.
Энэ бүхнийг нуршихын учир нь Шийдлийн Засгийн газар ШУА-ийн зарим хүрээлэнг их сургуулиудтай нэгтгэх асуудалд нэн анхааралтай хандаж 1997 онд ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн эдэлсэн зовлон, хохирлыг эрдмийн хамт олонд дахин амсуулахгүй байхыг хүсэж байгаад оршино. Шинжлэх ухааныг хохироодог гашуун түүх давтагдах ёсгүй!
Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийн эхний 20 улсад багтдаг учраас Монголын Геологи судлалыг хөгжүүлэх нь Дэлхийн геологийн шинжлэх ухаанд манай улс ихээхэн хувь нэмэр оруулах чадамжтайг төр, засгийн төвшинд ойлгож ухаарах нь чухал.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн,
академич, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны
доктор (Sc.D) О.Төмөртогоо