Эрдмийн ажил гэдэг бол залуу хүний булчин шөрмөсийн хүч чадлаар хийчихдэг эд биш
Сүүлийн үед, ШУА-ийн талаар янз бүрийн сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Тиймээс би зарим нэг тайлбарыг хэлье.
1996 онд батлагдсан Монгол улсын хуулинд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага мөн. Академи нь төрийн ивээлд байна” гэж заасан байдаг.
ШУА нь Бага, Их гэсэн 2 Чуулгантай, судалгааны ажил хийдэг хүрээлэнгүүд бүхий эрдэм шинжилгээний байгууллага. Бага Чуулган нь шинжлэх ухаан-технологийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна, шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлуудын үр дүнүүдийг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх гол үүрэгтэй. Харин Их чуулган нь ШУА-ийн удирдах дээд байгууллага бөгөөд энэ чуулганы гишүүдийг академич нар гэдэг. Их чуулган шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгүүдийг хэлэлцэхээс гадна, судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, улмаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих гол чиг үүрэгтэй.
Энэ 2 чуулганы гишүүнчлэл бүрэн нээлттэй, ардчилсан зарчмаар явагддаг, эрдмийн зэрэгтэй, тухайн салбартаа сайн бүтээл туурвисан, нэр хүнд бүхий хэн ч гэсэн нэр дэвшээд гишүүн болох боломжтой. Эдгээр чуулганы гишүүдийг ШУА-ийн эрдэмтэд бүрдүүлдэг гэсэн яриа их байдаг. Гэтэл манай академичдын талаас илүү нь ШУА-ийн бус, өөр байгууллагуудаас сонгогдсон гишүүд, Бага чуулган гэхэд л олон газрын төлөөлөлтэй. Тухайлбал, би өөрөө Геологи-Газарзүйн Бага чуулганы харьяалалтай, манай Бага чуулганд МУИС, ШУТИС-ийн багш нар, БОНХЯ, УУЯ, Нийслэл хотын гээд олон газраас сонгогдсон гишүүд байдаг юм.
Манай ШУА-ийн гишүүдийг хөгшчүүл гэж гоочилдог. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрдмийн ажил гэдэг бол залуу хүний булчин шөрмөсийн хүч чадлаар хийчихдэг эд биш. Залуу хүнд янз бүрийн шинэ санаа, оноо байна, бид чинь тэр санаа, оноогоо судлаж, туршсаар байгаад л нас явчихдаг, нас явахын хирээр залуу насанд олж авсан эрдэм, мэдлэг улам баяжиж, түүнийгээ дараагийн үедээ, зааж, сургаж, өвлүүлдэг ийм л хүмүүс шүү дээ, эрдэмтэд бид чинь.
ШУА-ийн академич нарт өгч байгаа нэмэгдлийг шүүмжилж байна. Энэ тэтгэлгийг гэх юмуу урамшууллыг гэх юмуу, бид тэтгэврийн нэмэгдэл гэж огт боддоггүй, харин биднийг улам их бүтээл туурви хэмээн Төр, засгаас өгж байгаа урамшуулал гэж хүлээж авдаг. Академич нар нар өндөр гарсан ч бүтээлээ туурвиж олны хүртээл болгосоор байдаг. Тухайлбал, Бира академич 90 нас хүрчихсэн ч гэсэн залуу хүн шиг ажлаа хийгээд явж байна, Төмөржав академич 80 нас гарчихсан, 2 нүд нь юм харахаа больсон ч гэсэн одоо хүртэл ном бичиж олны хүртээл болгоод л явж байна. Манай Төр, засаг дэлхийн аваргаас хүрэл медаль авсан тамирчныхтай л адил хэмжээний урамшуулал академич нарт олгож байгаа. Эрдэмтэд бид нар чинь адилхан л дэлхийн тавцан дээр Монгол улсын нэр хүндийг хамгаалж, тулалдаж байгаа хүмүүс шүү дээ. Яг манайтай хөгжлийн хувьд ойролцоо, улс орнуудтай харьцуулахад Монгол улсын эрдэм шинжилгээний нэр хүнд дэлхийд маш өндөр байгаа. Энэ чинь эрдэм шинжилгээ, эрдмийн салбарт ажиллаж байгаа энэ цөөхөн хэдэн эрдэмтдийн гавьяа гэдгийг манай Төр засаг, олон нийт зөв ойлгоосой гэж бид хүсэмжилж байна.
Гадаадын орнуудад манайх шиг ШУА байдаггүй, ийм ШУА бараг Монгол, Хойд Солонгос хоёрт л үлдчихээж байна гэсэн зүйл сониноос олж харлаа. Өнөөдөр дэлхий дээр яг манайх шиг зохион байгуулалттай ШУА, манай 2 хөршөөс гадна, Зүүн Европын орнуудад, мөн Баруун Европын өндөр хөгжилтэй Австри, Нидерланд, Швед зэрэг олон оронд байдаг. Германы дэлхийд алдартай Макс Планкийн хүрээлэн л гэхэд нэр нь өөр болохоос яг манай ШУА-тай адилхан байгууллага. Эдгээр орнуудад ШУА-ийн гишүүд нь асар их нэр хүндтэй бөгөөд Төр, засагтайгаа нягт хамтран ажилладаг. Гэтэл манайд сүүлийн үед ШУА-ийг гутаан доромжлох бараг компанит ажил явагдлаа. Монголчууд бид олон жил улс төржиж, бие биенээ гутаан доромжиллоо. Одоо үүнийгээ болиод, энэ хэцүү цаг үед эх орныхоо янз бүрийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдээд явмаар байна.
Сүүлийн үед, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нийлүүлэх тухай яриа газар авах боллоо. Манай улсад их, дээд сургуулиуд сургалтад суурилсан үйл ажиллагаа явуулж ирсэн бол ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд суурь судалгаа явуулж ирсэн уламжлалтай. Миний бие 2007 оноос хойш МУИС-д 50%-ийн профессорын алба хашиж байна, аль аль байгууллагыг нь сайн мэднэ. Аливаа өөрчлөлт, шинэчлэл нь хөгжил, дэвшил, сайжруулалт авчрах ёстой. Гэтэл яг өнөөгийн нөхцөлд энэ 2 байгууллагыг механикаар нэгтгэхэд ямар нэг сайжруулалт харагдахгүй байна. Бид бүгд л Монгол эх орныхоо төлөө, хэзээ нэг цагт энэ 2 байгууллага нэг цэгт учирч л таарна. Ер нь энэ 2 байгууллагыг ойртуулах зөв шийдэл нь ШУА, их сургуулиуд хоорондын хамтарсан төслүүдийг Төр, засгаас илүүтэй санаачлан дэмжиж, уг төслүүд дээр нэг талаас ШУА-ийн эрдэмтэд, судлаачид, нөгөө талаас их сургуулиудын багш, оюутнууд орж, хамтран ажиллах явдал юм. Хэрэв ингэж чадвал ШУА-д хуримтлагдсан арвин их мэдлэгийг нийгмийн хэрэгцээнд ашиглаж, эргэлтэд оруулах боломж бүрдэнэ.
Академич Д.Амарсайхан