Сурагчид ухаалаг картаа ирэх сараас ашиглана
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан гаргасан смарт карт нь хүүхэд бүрт зориулсан айпи хаягтай бөгөөд 40 гаруй төрлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Жишээлбэл, сурагчдыг хөгжүүлэх олон төрлийн үйлчилгээнээс гадна “Өргөө” кинотеатрт хөнгөлөлттэй кино үзэх, хүүхдүүдэд зориулсан лавлах утсууд руу холбогдох, нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг цогц үйлчилгээнүүд багтсан байна. 1-11 дүгээр ангийн нийт сурагчид энэхүү картыг 1400 төгрөгөөр худалдан авч ашиглах боломжтой гэнэ. Нийслэлийн хэмжээнд 200 ерөнхий боловсролын сургуулийн 125 нь энэ смарт картыг ашиглахаар болжээ. Зарим сургуулийн хувьд смарт картыг ашиглахаас татгалзсан байна. Харин дээрх 125 сургуулийн сурагчид ирэх сарын 01-нээс смарт картаараа үйлчлүүлнэ.