Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

2014 оны 12 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ цагийн төрийн удирдах ажилтнуудыг 100 жилийн турш бэлтгэж ирсэн Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус академийн туганд зүүж өгөв.

Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, шинэ цагийн төрийн албаны сургууль Удирдлагын академи байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд төр, нийгмийн бүхий л салбарт удирдах ажилтныг мэргэшүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, Монгол Улсад ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлж байгаа сүүлийн 20 гаруй жилд төрийн албан хаагчдыг бэлтгэн мэргэшүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа тус сургуулийн үе үеийн хамт олны хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүгдийн түмэн амар амгаланг айлтгаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан танай академи, энд ажиллаж байсан үе үеийн багш, ажилтан, албан хаагчид, одоогийн ажиллаж байгаа хүмүүс, нийт оюутнуудад чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Энэ одон бол үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн одон юм. Энэ одонгоор шагнах шийдвэрийг түүхэн ой давхацсан үед гаргасныг онцолж хэлмээр байна.

Монголын ард түмэн харийн талхигдалд 200 гаруй жил зовсны дараа Монголын олон овог аймаг, олон монголчууд ар Монголын шашны тэргүүн Богд хааныг тойрон хүрээлж, үндэсний үзэл санаан дээр эвлэлдэн нэгдэж, олон улсын цаг үеийн тухайн байдлыг гярхай ажиглаж, Монголыг эзэрхийлж байсан харийн хааны ширээ хэлтийснийг ашиглаж  эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн босгон дээр 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ түүхт сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Өнгөрсөн 100 гаруй жил Монголын түүхэнд гуниг ч байсан, бас ололт амжилт, бахархам үйл явдлаар дүүрэн байсан.

Энэ сургууль нь Богд хаант Монгол Улсын үеэс хойш 100 жилийн хугацаанд олон үеийн боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч, төр өндрөөр үнэлж энэхүү шагналыг хайрлалаа.

Өнгөрсөн зуунд монголчууд улс төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд голлон анхаарсан бол ирэх 100 жилд Монгол Улс эдийн засгийн хувьд сэргэн мандах зуун эхэлж байна. Ирээдүйн Монголын 100 жилийн чанартай боловсон хүчнийг бэлтгэхэд танай сургууль их хувь нэмэр оруулахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Та бүхэнд ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе. Баярлалаа” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14642
0 эможи
keyboard_arrow_up