Хүүхдүүд 15-22.00 цагийн хооронд телевиз их үздэг байна

2014 оны 12 сарын 24

Хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн дүнг Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар танилцууллаа. Энэхүү судалгааг 2000 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсруулсан аргачлалын дагуу явуулсан байна. Өмнө нь 2010, 2011 онуудад хийж байсан бөгөөд таван телевиз, гурван сонин, нэг сайтыг судалгаандаа хамруулжээ.
Өмнөх судалгааны үр дүнг үндэслэн Хэвлэлийн хүрээлэн, ХТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран "Хүүхэд-сэтгүүлч" клубыг ажиллуулж 16 ХМБ-тай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байсан билээ.
Судалгаа үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа аж. Үүнд:
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүүхдийн асуудал ямар хэмжээгээр, хэрхэн тусгаж байна вэ?
-Хэвлэл мэдээлэлд хүүхдийн оролцоо ямар байна
-Эрсдэлтэй мэдээлэлээс хэрхэн хамгаалж байна вэ?
гэсэн хэсгүүд багтаж байна. Судалгаанд телевизийн 481, сонины 934, вебийн 76 нэгж мэдээллийг ашиглажээ. Ингэхдээ хүүхдийн хамгийн их телевиз үздэг цаг болох 15.00-22.00 цагийн мэдээллүүдийг хянажээ.
Телевизээр цацагдаж буй хүүхэдтэй холбоотой зарим мэдээлэл хүүхдийн ёс суртахуун, амьдрах хэв маягт хор хөнөөлтэй байж болохуйц байна
Өмнөх жилүүдийн судалгаатай харьцуулахад телевизэд хүүхдийн асуудлыг тусгасан байдал 23.7 хувь буюу өссөн, сонинд 4 хувь буюу буурсан үзүүлэлттэй байгааг Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны ахлах ажилтан Н.Ганчимэг хэлсэн юм.
Телевизүүдээс “Боловсрол суваг” телевиз, сониноос “Зууны мэдээ” хүүхдийн асуудлаар илүүтэй дугарч, асуудал хөндөж байна.
Харин сонин хүүхдийн эрүүл мэндийг асуудлыг, хүүхдийн хөгжилтэй холбоотой мэдээлэл телевиз, урлаг, спорт, сурлагын амжилтыг веб сайт түлхүү мэдээлдэг аж.
Сонинд хүүхдэд чиглэсэн мэдээллийн 52 хувь нь эерэг, 26 хувь нь сөрөг, телевизэд 70 хувь нь эерэг, есөн хувь нь сөрөг хандлагатай байна. Эрсдэлд орсон хүүхдийн тухай мэдээлэхдээ сэтгүүлч мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан тохиолдол бүртгэгдээгүй нь сайшаалтай байгааг тэрээр онцолсон. Гэвч телевизээр цацагдаж буй хүүхэдтэй холбоотой зарим мэдээлэл хүүхдийн ёс суртахуун, амьдрах хэв маягт хор хөнөөлтэй байж болохуйц байгаа аж.
Мониторингийн дүнгээс үзэхэд, бүх насны хүүхдүүдийн оролцох бололцоог хангасан эрүүл ахуй, ахуй амьдралын тухай, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн талаар сургалт танин мэдэхүйн чиглэлийн нийтлэл нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, нийтлэлийн бодлогоо баяжуулах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх шаардлагатай байна гэж үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14570
0 эможи
keyboard_arrow_up