Сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, чихэр зарахыг хориглодог

2014 оны 12 сарын 18

Сургуулийн цайны газарт хэн хаанаас ямар хяналт тавьдаг талаар Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Энхтайвантай ярилцлаа.
 
-Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрыг өнгөрсөн намар тендерээр сонгон шалгаруулсан юм байна. Энэ талаар тодруулаач?
-Өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн Засаг даргын 698 тоот захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд Нийслэлийн өмчийн харилцааны газар, түрээслэгч, сургууль хооронд гурвалсан гэрээ байгуулахыг даалгасан. Үүний дагуу нийслэлийн 89 сургуулийн цайны газарт сонгон шалгаруулалт зарласан. Үүнээс 40 цайны газрыг өмнө түүрэслэж байсан түрээслэгч ажиллуухаар болж 49 нь шинэ түрээслэгч болж сонгогдсон байна.
 
-Тендерт шалгарсан түрээслэгч нарт ямар шалгуур тавьсан бэ. Танайхаас ямар заавар зөвлөгөөг өгдөг вэ?
- Нийслэлийн боловсролын газраас тендер шалгаруулах комисст нь орж ажилласан. Тиймээс бид хамгийн гол нь үйл ажиллагааны чиглэл, ажилласан хугацаа, ажиллах хүчний бүрэлдэхүүн, үдийн цайны үеэр ямар бүтээгдэхүүнээр үйлчлэх талаар саналаа тусгасан. Ингээд нийслэлийн өмчийн харилцааны газрын шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалтаа явуулсан. Өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн боловсролын газар, өмчийн харилцааны газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж үдийн цай хөтөлбөр болон цайны газрын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн.
 
Үүгээр илэрсэн зөрчил дутагдлыг тухайн үед засч сайжруулж, авах арга хэмжээг сургуулийн удирдлагуудад үүрэг болгосон. Ерөнхийдөө шалгалтын явцад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хориглосон бүтээгдэхүүн зарж байгааг илрүүлсэн. Тухайлбал, хийжүүлсэн ундаа, шоколад, чихэр зарж байсныг нь болиулсан. Манайд гомдол ирсэн үед тухай бүрд нь хяналт шалгалт хийж, арга хэмжээ авч байгаа.
 
-Сургуулийн цайны газарт зарж байгаа хоол нь ихэвчлэн мантуун бууз, пирожки байдаг юм билээ. Тэгэхээр энэ асуудалд танайх ямар хяналт тавьдаг вэ. Өдөр бүр шарсан пирожки идэх бага насны хүүхдийн эрүүл мэндэд тийм ч таатай биш болов уу?
-Сургуулиудад ЭМЯ-наас гаргасан 207 тоот тушаалын дагуу шаардлагаа тавьдаг. Хөлдөөсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, энгийн нүүрс ус ихтэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн зарахыг хориглосон байдаг. Үүний дагуу зөвлөмжөө хүргүүлсэн. Хоолны хувьд БШУЯ- наас гаргасан сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн ном гарсан байдаг. Энэ номд 600 төгрөгт хийж болох хоолны цэс гарсан байдаг. Үүнийг мөрдлөг болгоод явж байна.
 
-Бизнес болсон байна гэх шүүмжийг эцэг эхчүүд хэлж байсан. Хүүхдүүд ч зарж байгаа бүтээгдэхүүн нь үнэтэй гэж хэлж байсан. Ундаа, усыг нэг нугалаад зардаг юм билээ. Энэ асуудалд танайхаас ямар санал, анхааруулга өгдөг вэ?
 -Үнийг тийм ийм байна гэж шаардах боломж манайд байхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14194
0 эможи
keyboard_arrow_up