Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу Хэлэв?
Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.11.-2014.12.17 /
БШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга: Цэцэрлэгийн тарах цагийг 1-3 цагаар сунгах боломжтой
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн зөвлөл, орон нутгийн удирдлагууд хамтран цэцэрлэгийн тарах цагийг 1-3 цагийн хооронд сунгаж өгөх эрхийг олгосон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд цэцэрлэгийн удирдлагуудад хоорондоо зөвшилцөөд эцэг, эх нь оройтож тардаг хүүхдүүдээс бүрдсэн бүлэг үүсгээд, тухайн багшид нь илүү цагийн хөлсийг нь төлөх маягаар ажиллаж болно. /Өнөөдөр сонин 2014.12.15 №290/
Б.Т.Вильгельмовна: Орос хэлний дугуйлан ирэх сарын 5-наас хичээллэнэ
Манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа бусад салбараа бодвол их хөгжсөн. Тэр дундаа оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжууд улам бүр нээлттэй болсоор байна. Энэ жил “Орост суралцахыг урьж байна” уриан дор зарласан ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт 400 гаруй хүн шалгалт өгөөд тэнцээд явсан. /Зууны мэдээ 2014.12.17 №287/
Сэтгүүлч: МУИС шинчлэгдэж байна уу
МУИС-ийн ректор А.Галтбаяраас зарим зүйлийг тодрууллаа.Багшийн үг хэлэх эрхийг боогдуулсан зүйл байхгүй. Манай сургуулийн бодлогын чанартай стратеги, төлөвлөгөө, дүрэм журмыг багш нарын нээлттэй хэлэлцүүлэг болон багш нараас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, олонхоороо шийддэг. /Өнөөдөр 2014.12.15 №290/
Сэтгүүлч: Сургуулиудын цайны газар хоол биш хор зарж байна
Эцэг эхчүүд ерөнхий боловсролыг сургуулийн цайны газар, буфетэд сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандаж байна. Гэсэн ч тэр бүр хэл ам хийгээд байдагггүй. Дунд сургуулийн цайны газруудад ихэвчлэн хоол биш, хор болох бүтээгдэхүүнийг зардаг. Тухайлбал резинэн чихэр, хийжүүлсэн ундаа, элдэв бохьзэргийг зөвхөн бизнес хийх зорилгоор зардаг юм. /Зууны мэдээ 2014.12.17 №290/
Сэтгүүлч: “Улаанчулуутад хог түүдэг хүүхдүүдийн нэрээр бизнес хийж байна” гэв
Гартаа мод барин ойр орчмын хогийг хаж явсан 12 настай хүүгээс сургалтын төвийг хаана барьсан, хичээлд сууж байгаа эсэхийг тодруулахад “Мэдэхгүй ээ. Энд бариагүй. Хогийн цэгт хүмүүс ирж сургуульд сурахуу гэж асуугаагүй ээ. Тэгээд ч би сургуульд явах ямар ч хүсэлгүй байна. Хогоо түүхгүй бол өвчтэй ээжийг минь хэн тэжээх юм гэсээр цааш явлаа. ”Үүнээс улаанчулуутын хогийг түүж өдөр хоног өнгөрөөдөг хүүхдүүд хичээлдээ явахгүй байгаа нь ажиглагдсан юм. Тус сургалтын төвийг хаана барьсаныг XXVI хорооны хэсгийн ахлагчаас тодруулахад ”Сургалтын төвийн нээлт өнгөрсөн долоо хоногт болсон.Улаанчулуутын хогийн цэгийн хүүхдүүдийг хамруулна гэсэн ч XXIV хорооны нутаг дэвсгэрт барьсан шүү дээ. Одоо аль хорооны хүүхдүүдийг хамруулах талаар тодорхой мэдээлэлгүй байна. Манай хорооноос нэг ч хүүхэд аваагүй. Баруун салаанд хичээллэж байгаа гэсэн.Тэнд очоод тодорхой мэдээлэл ав гэсэн” юм. /Монголын үнэн 2014,12,12 №239/