Гурван ээлжээр хичээллэснээс сурагчид 22.00 цагт гэртээ харих болжээ
Үдшийн 19.30 минут. Хаа сайгүй нохой хуцалдаж, хавчиг харанхуй гудамжны өнцөг булан бүрээс хүүхдүүд гарч ирэн автобусны буудлын зүг явцгааж байв. Хүйтний эрч чангарч байгаа ч хүүхдүүд даарсан шинжгүй хэсэг бүлгээрээ уралдан гүйж, ноцолдон тоглож байлаа. Зарим нэг нь гэр лүүгээ яарч байгаа бололтой автомашины урдуур гарцгүй газраар гүйж байгаа харагдана. Алслагдсан гэр хороолол болоод ч тэрүү зам дээр гарц тэмдэглэгээ, гэрэлтүүлэг байсангүй. Энэ бол хотоос алслагдсан Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны 104 дүгээр сургуулийн сурагчид хичээлээсээ тараад гэр лүүгээ харьж байгаа дүр зураг юм. Харин тус сургуулийн зүг эцэг, эхчүүдийн хөл тасарсангүй. “Манай хүүхэд тавдугаар ангид сурдаг. 15.40 минутад хичээл нь орж байгаа. Тэгэхээр бүр 20.00 цаг өнгөрөөгөөд тарах юм. Ирэх жил ахлах ангид орохоор судлах хичээл их. Гурван ээлжээр хичээллэх хэцүү юм. Эмэгтэй хүүхдийг ганцааранг нь явуулж болохгүй. Гэрэлтүүлэггүй болохоор хулгай дээрэм их гарах юм. Эрүүл мэнд, боловсролын салбар өнөөдөр элгээрээ хэвтчихсэн байна. Хоёр хорооны дунд нэг сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Ачаалал нь хэрээс хэтэрсэн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сургуулийн нөхцөл байдалтай саяхан танилцаж “Гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэнэ” гэж хэлсэн гэсэн. Манай хорооноос сонгогдсон гишүүд сонгууль болохоор л “Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барина” гэж худлаа ярьцгаадаг юм. Ард түмний төлөөлөл болсон гишүүд албан тасалгааны цонхоор иргэдийнхээ амьдралыг дүгнэж болохгүй. Ирээд бодит байдалтай нь танилцах хэрэгтэй” гэж тус хорооны иргэн Н.Наран ярилаа. Бид ийн ярилцаж явсаар 104 дүгээр сургуульд орж ирлээ. Сургуулийн коридорт эцэг, эхчүүд урт дараалал үүсгэн зогсчээ. Жижүүр багш “Хичээл 20.40 минутад тарна. Яасан эрт ирцгээдэг юм бэ. Сургуулийн өргөтгөлийг хурдан бариасай. Тэгвэл багш, сурагч, эцэг, эх гээд хэн хэнд нь сайн байхсан. Гуравдугаар ээлжид хичээллэдэг хүүхдүүд их ядардаг. Хичээлдээ анхаарал хандуулахгүй байна. Тиймээс та нар хичээлд нь сайн анхаарал тавих хэрэгтэй. Даалгаврыг нь сайн хийлгээрэй” гэж байлаа. Ингээд бид сурагчдын идэвх оройн цагаар ямар байгааг М.Мөнхгэрэл багштай тавдугаар ангиар орж хичээлийн явцтай танилцсан юм. Биднийг ороход математикийн хичээл орж, багш самбар дээр бодлого бодох аргачлалыг зааж байв. Орой болоод ч тэрүү сурагчдын идэвх сул байгаа нь ажиглагдав. Багшийн заасныг анзаарахгүй, тарах цагийг хүлээн залхсан байртай суух сурагч олон харагдсан. Харин зарим нэг нь багшийн зааж байгаа бодлогод анхаарал хандуулан сууж байв. Ангийн багш “Тавдугаар анги судлах хичээл ихтэй болохоор оройн ээлжид хичээллэхээс өөр ямар ч арга байхгүй. Хичээл орой ордог болохоор сурагчдын идэвх сул байдаг. Сонгон, давтлага өгөх боломжгүй. Амралтын өдрөөр сурагчдадаа давтлага өгдөг” гэв. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Гурван ээлжээр хичээллэхэд хүндрэлтэй асуудал олон байдаг биз дээ?
-Манай хичээл 15.40 минутаас ордог. Тавдугаар анги л гэхэд дунд анги руу шилжих үе. Судлах хичээл их. Орой тарж байгаа учраас хүүхдүүд гэртээ ес, арван цагийн үед очно. Энэ нь хүүхдүүдэд хүндрэлтэй. Харанхуй гудамжаар явахад эрсдэл их гардаг. Өвлийн улиралд эрт харанхуй болдог. Хальтиргаа гулгаа, хулгай дээрэм гарах тохиолдол ч байдаг. Ихэнх албан байгууллагын ажил орой тардаг. Тиймээс хүүхдээ авах эцэг, эх цөөхөн. Ихэнх нь бие дааж харина. Орой хичээлээ тарж яваад сурагчид гэмт хэргийн халдлагад өртвөл хариуцлагыг нь хэн хүлээх юм.
-Анзаараад байхад хүүхдүүд хичээлдээ сайн төвлөрч чадахгүй байх чинь. Танд энэ нь мэдрэгддэг үү?
-Үдээс хойш сурагчдын идэвх сулардаг. Хичээлдээ анхаарал хандуулж чаддаггүй. Өглөө өөр байдаг. Унтаад амарсан хүүхдүүдэд хичээл заахад ойлгодог. Орой хичээл заахад анхаарал хандуулдаггүй. Бужигналдаж үймүүлэх гээд байдаг юм. Оройн ээлжид хичээллэх хүндрэлтэй.
-Зургаан цагийн хичээлтэй өдөр долоо хоногт хэд байдаг вэ. Өнгөрсөн жил сургуулийн өргөтгөлийг барина гэж байсан. Ямар учраас барихгүй байна вэ?
-Долоо хоногт зургаан цаг ордог өдөр гурав байдаг. Найман цаг өнгөрөөж тарна.Манай сургуульд одоогоор 1500 гаруй сурагч суралцаж байна. Ачаалалаа дийлэхгүй байгаа. Биеийн тамирын заал, сурагчдын хувцас солих өрөө ч байдаггүй. Сургуулийн өргөтгөл барих газрын асуудал шийдэгдсэн. Төсвийг нь шийдэхгүй байсаар царцаасан барилгын тоонд орсон гэсэн. Ирэх онд барих эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Манай захирал өргөтгөлөө бариулах гэж холбогдох бүхий л газарт албан тоот хүргүүлж, өөрөө ч очиж уулзсан. Удахгүй сургуулийн өргөтгөл барина гэдэгт итгэж байна. Нэмж хэлэхэд, УИХ- ын гишүүд боловсролын салбарыг анхааралдаа авмаар байна.
Өргөтгөлийг бариад өгчихвөл сурагчид бид баярлана
Сонгинохайрхан дүүргийн XXV хороо хамгийн их хүн амтай. Хөдөөнөөс шилжин ирэгсдийн дийлэнх нь энэ дүүрэгт бууриа засч амьдардаг. 104 дүгээр сургуулийг 2006 онд 650 хүүхдийн багтаамжтай барьсан ч өдгөө 1500 гаруй хүүхэд, гурван ээлжээр хичээллэсээр найм дахь жилтэйгээ золгож байгаа гэнэ. Өглөө, өдрийн ээлжид хичээллэдэг сурагчид гэрэл гэгээтэйд тараад харьчихна. Харин гуравдугаар ээлжийн сурагчдад орой хичээлд суух хүндрэлтэй байдгийг тавдугаар сурагч Г.Ариунболд онцолж байсан юм. Тэрбээр “ Би 1-4 дүгээр анги хүртлээ өглөө хичээлдээ явдаг байсан. Харин тавдугаар ангид ороод орой хичээллэж эхэлсэн. Орой болоод ч тэрүү хичээлдээ анхаарал хандуулахад хэцүү байдаг юм. Харанхуй, гэрэлтүүлэггүй гудамжаар харьж явахдаа хаанаас нохой гараад ирэх бол гэж үргэлж айдаг. Хотын төвийн төлбөртэй сургуулиуд шиг сайхан орчин хэрэггүй. Сургуулийн өргөтгөлийг бариад өгчихвөл сурагчид бид баярлана” гэсээр зузаан куртка, малгай өмсч, ороолтоо нямбайлан ороогоод хүү 20.40 минутад сургуулиасаа гарч гэрийн зүг яаран явсан юм. Гуравдугаар ээлжийнхний хичээл оройтож тардаг учраас сурагчид гэртээ харьж явахдаа зам тээврийн осол болон гэнэтийн халдлагад өртөх эрсдэл их байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсаар ирсэн. Үнэхээр ч сургуулийн өргөтгөл барьчихвал бяцхан багачууд өвлийн хүйтэн, шөнийн харанхуйд автобус хүлээж, гэмт хэргийн золиос болж, хэдэн км-ийн тэртээх гэртээ хүрэх гэж зүдрэхгүй. Тэдэнд сурах сургууль, суралцах орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөхөд хангалттай байгаа юм.
О.Мөнхбаяр: Ирэх онд сургуулийн өргөтгөлийг барьж эхлэнэ
Нийслэлийн хэмжээнд 213 ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй мянган сурагч суралцаж байгаагаас 21 сургуулийн 5200 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа аж. 104 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал “Сургуулийнхаа өргөтгөл бариулах асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болоод БШУЯ, нийслэлийн Боловсролын газар гээд холбогдох бүхий байгууллагад хандсан ч шийдэлд хүрээгүй олон жил болсон. Ирэх оноос барих байх гэдэгт итгэж байна” гэсэн юм. Ингээд бид тус сургуулийн өргөтгөлийг хэзээ баригдах талаар БШУЯ- ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяраас тодруулахад “Энэ жил боловсролын салбарт 322 барилгын ажил хийнэ. 2014 оны төсөвт 104 дүгээр барилгын өргөтгөлийг барих хөрөнгө суугаагүй. Зураг нь гарчихсан байгаа. 2015 оны улсын төсөвт мөнгө нь суучихсан. Тэгэхээр он гараад барилгын ажлыг эхлүүлнэ” гэсэн юм.