5G бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ

2014 оны 12 сарын 03

Өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлэгч компаниуд 5G буюу үүрэн телефоны тав дахь үеийн анхдагчид болохоор ид өрсөлдөж байна. 3G, 4G-гийн араас залган гарч ирэх 5G сүлжээ хэрэглээнд нэвтрэх тэр үед бидний амьдрал өөр, бүр огт өөр болно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Ингэж хэлэхээр магадгүй та интернэт дүрс бичлэгийг гацахгүйгээр үзэх, томоохон багтаамжтай мэдээллийг ачаалахгүйгээр харж болох гэх мэтээр төсөөлж байж магадгүй. Тэгвэл 5G-гийн зөвхөн нэг давуу тал нь энэ бөгөөд үүнээс асар том өөрчлөлтийг хүн төрөлхтний амьдралд авчирна гэж Их Британийн 5G төслийн инновацийн судалгааг удирдаж буй профессор Рахим Тафазолли хэлж байна. Сурригийн их сургууль дээр түшиглэн, хэдэн арван сая ам.долларын санхүүжилтээр 5G-гийн судалгааны ажлыг хийж буй тэрээр “5G нь радио долгионы хамрах хүрээг нэгтгэж, их засвар хийх мэт өөрчилнө” хэмээн хэлж байна.

Тэгэхээр 5G-г тодорхойлж буй “радио долгионы хамрах хүрээ нэгдэнэ” гэдгийг юу гэж ойлгох вэ.
Мэдээлэл нь радио долгионоор дамждаг. Тэр радио долгионууд нь давтамжаасаа хамааран хэсэг хэсгээрээ боолт болон хуваагддаг. Боолт бүр өөр өөр төрлийн харилцаа холбоог төлөөлнө. Жишээлбэл, нисэх хүчний болон тэнгисийн цэргийн навигацийн дохиолол нэг боолтод багтах бол, телевизийн долгион, үүрэн телефоны долгион тус тусдаа боолтод орно. Энэ боолтуудын давтамжийг “Олон улсын харилцаа холбоо”-ны холбооноос зохицуулдаг.
Харин 5G гарч ирснээр энэ бүтэц хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр Олон улсын харилцаа холбооны газраас радио сүлжээний тодорхой хэсгүүдийг иж бүрнээр нь шинэчлэн зохион байгуулах бөгөөд өмнөх 3G, 4G сүлжээ ч урьдын хэвээр ажилласаар байх юм.
Мэдээж 5G-г нэвтрэх үед бидний амьдралын интернэт хэрэгцээ шаардлага үлэмж хэмжээгээр өссөн байх болно. 2020 он гэхэд 50-100 тэрбум хэрэгсэл интернэтэд холбогдсон байх болно гэсэн тооцоог “Эриксон судалгаа”-ны захирал Сара Мазур хэлж байна. Тиймээс сүлжээний багтаамжийг тэр хэрээр нэмэгдүүлэх ёстой болно. Сүлжээний багтаамжийг нэмэгдүүлнэ гэдэг авто замын тунелийг өргөтгөхтэй бага зэрэг төстэй. Тунель дэх урсгалын тоо нэмэгдэх тусам олон машин түүгээр зорчих боломжтой болдог шиг сүлжээний багтаамжийг ч тэгж нэмэгдүүлэх шаардлага гарна. Тухайлбал, холын замд зорчиж яваа машинуудыг нэг урсгалаар, ойрын зайд зорчиж буй орон нутгийн машинуудыг өөр урсгалаар явуулна гэх мэтээр ангилдаг шиг радио долгионы боолтуудыг зохицуулна гэсэн үг.

Секундэд 30 кино татах хурд

Ингэж харилцаа холбооны салбар, радио долгионы бүтцийг өөрчлөхөд хүргэж буй 5G сүлжээ амьдралд нэвтэрснээр эгэл жирийн бидний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ.
Юун түрүүнд хэлэхэд, 5G таны төсөөлснөөс ч хурдан байх болно. Профессор Тафазолигийн хэлж буйгаар 5G нь секундэд 800 гигабитийн хурдтай буюу одоогийн туршилтын үзүүлэлтээс 100 дахин хурдан байх гэнэ.
Samsung компани 2013 онд 5G-г 1Gbps /секундэд нэг гигабит/ дээр туршиж үзсэнээ олон нийтэд зарлах үед хэвлэлүүд энэ тухай мэдээлэхдээ “Нэг секундын дотор HD бичлэгтэй нэг кино татаж авна гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв.  Харин 800 Gbps гэдэг нь ганцхан секундын дотор 33 HD кино татаж авах хэмжээний хурд юм. Өөрөөр хэлбэл, 5G бидний амьдралд нэвтрэх үед өндөр чанартай бичлэг, киног секундын дотор хэдэн арваар нь татаж авдаг болох ажээ.
Түүнчлэн 5G хэрэглээнд нэвтэрснээр бүхий л зүйл хоорондоо ухаалгаар холбог­дох боломжтой болно. Энэ нь сүүлийн үед хүн төрөлхтний амьдралд идэвхтэй нэвтэрч буй “Internet of Things” буюу хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг хооронд нь сүлжээгээр ухаалгаар холбох дэвшилтэт технологи өргөн хүрээнд хөгжих боломжийг боломж олгох бөгөөд үүгээр хотууд хоорондоо холбогдож, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, машиныг жолоочгүйгээр унах мэтийн дэвшлүүд нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох юм.
Өөрөө өөрийгөө жолооддог автомат машинууд хоорондоо холбогддог болох тул осол аваараас сэргийлж чадна. Мөн алсаас гэрийнхээ цахилгаан халаагуурыг асааж унтраах, сүү дуусч байгаа гэх мэтийг хэлж өгдөг хөргөгч зэрэг нь ердийн л зүйл болж, галт тэргийн аль суудал нь хоосон байгааг зорчигчид буудалд хүлээж зогсохдоо мэдэх гэх мэтийн дэвшлүүд нэвтэрнэ.
Антений технологид гарах дэвшил нь гэнэт сүлжээ тасрах гэдгийг мартуулах 5G сүлжээний тусламжтайгаар эмч нарын оронд роботууд нарийн ярвигтай мэс засал хийх бөгөөд энэ нь аливаа үйл явцад хариу үзүүлэх хүлээлтийн хугацааг асар их богиносгох ажээ. Хүний хариу үйлдэл хийхтэй харьцуулашгүй хурдаар роботууд мэс заслыг түргэн шуурхай хийх бөгөөд энэ тохиолдолд 5G нь 4G сүлжээнээс гэхэд 50 дахин хурдтайгаар үйлдэл хийх боломжтой болгоно.

5G-гийн ид шидийг 2018 онд мэдрэх нь

Энэ бүх дэвшлийг авчрах 5G сүлжээг амьдралд нэвтрүүлэхэд хэдий хэмжээний өртөг зардал гарах нь одоогоор тодорхойгүй байна. Үүн дээр судалгаа хийж буй “Ericsson”, “Huawei” зэрэг компани ч зардал төсөв нь ямар гарахыг хэлж мэдэхгүй байна. Учир нь, 5G-г амьдралд бодитоор хэрэгжүүлэх ажил эхлэх яагаа ч үгүй байгаа юм.
Япон улс 2020 оны олимпыг зохион байгуулах үедээ 5G-г нэвтрүүлсэн анхны орон болохоор эрмэлзэж байна. БНСУ, тэр дундаа “Samsung” 2018 оны өвлийн олимпын үеэр 5G-г түр хугацаагаар нээхээр ажиллаж байна. Тэгвэл “Huawei” компани ч 2018 Москвагийн ДАШТ-ий үеэр 5G-гийн ид шидийг мэдрүүлэхээр яарч байна. Хэдийгээр тэд 5G сүлжээгээр анхдагч болохоор өөр хоорондоо өрсөлдөж байгаа ч ерөнхийдөө энэ сүлжээг дэлхий даяар нэвтрүүлэх ажлын судалгаа хөгжилд хамтдаа асар их хэмжээний хөрөнгө оруулж байгааг хэлэх хэрэгтэй.  
5G хэзээ амьдралд нэвтрэх нь тодорхойгүй байгаа энэ үед 6G-гийн тухай яриа ч аль хэдийнэ эхэлсэн бөгөөд 2040 оны үед үүрэн телефоны зургаа дахь үеийн сүлжээ бий болох гэнэ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13110
0 эможи
keyboard_arrow_up