Эвирка-2014 залуу багш,оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурал болж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Эврика-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр /2014.04.09/ Улсын Их Хурлын даргын нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар “Эврика-2014” эрдэм шинжилгээний бага хурлын нийгмийн ухааны салбар хуралдааныг нээж үг хэллээ.
Улсын Их Хурлын даргын нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо хэлэхдээ, “улс орны хөгжилд шинжлэх ухаан, технологийн хөгжил том байр суурь эзэлдэг, тэр дундаа оюутан залуучуудын судалгаа үнэтэй хувь нэмэр оруулдаг. “Эврика” эрдэм, шинжилгээний бага хурал өдгөө 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү хурлын зорилго нь залуу багш, оюутнуудад судалгаа-шинжилгээний ажлын туршлага хуримтлуулахад чиглэгдэж байна” гэлээ.
Монгол Улсын бүх их, дээд сургууль, коллеж /салбар сургуулиуд/-ын залуу багш, оюутнууд оролцох боломжтой үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал нь судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Энэ жил судалгааны чиглэл, оролцогчдын тоог харгалзан дараах 10 салбарт зохион байгуулахаар болсон юм. Үүнд: эдийн засаг, бизнес, техник технологи, мэдээлэл технологи, нийгмийн ухаан, хууль эрх зүй, геологи газарзүй, экологи хөдөө аж ахуй, байгалийн ухаан болон анагаах ухааны салбарыг хамарч байна.
“Монголын залуучуудын холбоо үүсгэн байгуулагдснаасаа хойш хийсэн томоохон ажлуудын нэг бол яах аргагүй “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал бөгөөд энэ хурлаас олон залуучууд эрдэмтэн болох гараагаа эхэлсэн юм” гэж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэв. Мөн шагнал авсан оюутнууд Монгол Улсын шилдэг компаниудад мэргэжлийн дадлага хийх, ажиллах боломжтой болж, цаашид шилдэг багш, оюутны илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгохоор Монголын залуучуудын холбоо ажиллаж байна.