“Ном” хөтөлбөр дунд ангиудад хэрэгжиж эхэллээ

2014 оны 11 сарын 24

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам нь “Эрдэм боловсролтой Монгол хүн” III бүлгийн хэрэгжилтийг хангах үүднээс өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ ч үүднээс өнгөрсөн хичээлийн жилд Монгол Улсын бүх аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 210 сургуулийн 5000 гаруй боловсролын байгууллагынханд “Ангийн номын сан ашиглан бага ангийн сурагчдад бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох арга зүйг эзэмшүүлэх нь” сургалтыг зохион байгуулсан юм. Түүнчлэн 210 сургуулийн 1-5 дугаар ангийн бүх бүлэгт 50-130 ном бүхий ангийн номын сантай болгох ажлыг зохион байгуулав.

Харин энэ хичээлийн жилд БШУЯ-аас Нийслэлийн ЕБС-иудын 6-9 дүгээр ангийн монгол хэл, уран зохиолын 652 багшид “Ангийн номын сан ашиглан сурагчдын бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох чадварыг дэмжих арга зүй” сургалт, 6-9 ангийн 912 сурагчдад ангийн номын сан түшиглэн үе тэнгийнхнээ ном унших сонирхолтой болгох, ном тойрсон ажлуудыг бие даан санаачлан зохион байгуулах “Ном дотор зам бий” номын клубийн сурагчдын сургалт болж байна.

Мөн 6-9 дүгээр ангийн сурагчдын судалж буй хичээлийн сэдэв, агуулга, тэдний нас, сэтгэхүйн онцлогийг харгалзан худалдан авах ажиллагааны дагуу тендэр зарлан шалгаруулсан 70 нэр төрлийн 74 450 номыг Нийслэлийн 6-9 дүгээр ангийн бүх бүлэгт 100-115 ном бүхий ангийн номын сантай байлгахаар зохион байгуулж, сургууль бүр ангийн номын сангаа хүлээн авлаа.

Энэ бүх үйл ажиллагаанд Монгол Улсын төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь төр, олон улсын болон донор байгууллагуудтай хамтран 615 ЕБС, 11 500 багшид энэхүү арга зүй, ангийн номын сан түгээх ажлыг гүйцэтгээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12566
0 эможи
keyboard_arrow_up