Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.13.-2014.11.19 /
БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбат: 2013-2014 онд боловсролын салбарт шинээр 130-аад барилга ашиглалтанд орсон
2013-2014 онд боловсролын салбарт шинээр 130-аад барилга ашиглалтанд орсон. Үүнээс сургууль 33, биеийн тамирын заал 15, үлдсэн нь шинжлэх ухааны барилга. 2013 оны сүүлчээр боловсролын салбарын 126 барилгыг Засгийн газар болон УИХ-ын тогтоолоор үндэсний аудитаар шалгаж царцаасан. Эдгээрээс 97 барилгын хөрөнгийг өнгөрсөн оны тавдугаар сард буцаан олгож барилгыг нь үргэлжлүүлэх тухай аудитын тайлан гарсан юм. Харин үлдсэн 29 барилгыг үргэлжлүүлэх боломжгүй, дахин шалгах шаардлагатай гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Эдгээр барилгыг ирэх жил үргэлжлүүлэн барихаар 2015 оны төсвийн төсөлд тусган, УИХ-аар хэлэлцэж байгаа. /Ардчилал 2014.11.19 216/
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр: Хувийн их, дээд сургуулиудыг хотоос гаргах хэрэгтэй
Их дээд сургуулиудыг хотын төвөөс гаргах хэрэгтэй. Хотын төвийн автобусны буудлуудад судалгаа хийхэд тэнд зогсож байгаа хүмүүсийн дийлэнхи нь оюутнууд байгаа. Улаанбаатар хот бол манай улсын нийгэм соёлын төв. Тэгэхээр МУИС, МУБИС, ЭМШУИС зэрэг сургуулиуд төвд байж болно. Харин техникийн их сургууль болон хувийн өмчийн дээд сургуулиудыг хотоос гаргавал төвлөрөл аяндаа буурна. /Нийслэл таймс 2014.11.18 209/
170-р цэцэрлэгийн нярав Ч.Одончимэг: Хүүхдүүд Монгол гэр-цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна
Дэлхийн банкны санхүүжилтээр, канад технологиор 2011 онд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан. 25 болон 9-р хорооны малчны нэг, хоёрдугаар гудамжны хүүхдүүдийг хамруулдаг. 2-5 бүлгийн 202 хүүхэдтэй. Манай хороонд 1200 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой байсан. Одоогоор 188 хүүхэд цэцэрлэгт явж байгаа. Цэцэрлэгийн хашаанд цэцэрлэгийн цогцолбор барихаар болж, газар төсөв мөнгөнийхөө асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон юм. Гэтэл тендерт шалгарсан компани бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар хойшлоод удаж байна. Ирэх гуравдугаар сард тэр барилгын ажил эхлэх сураг сонсогдсон. Тэр болтол бид гэр цэцэрлэг ажиллуулж байна. 2013-2014 оны хичээлийн жилд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хоёр гэр манай цэцэрлэгт өгсөн. Одоохондоо хүндрэлтэй зүйл байхгүй. Галлагааг шийдчихсэн болохоор хүүхэд даардаггүй. /Монголын үнэн 2014.11.17 220/
Сэтгүүлч: Хажуу өрөөний сургуулиуд
Айлын хажуу өрөөнд амьдарч байсан хүмүүс мэдэх байх. Чанга ярьж, инээж, магадгүй бие засахад хүртэл хэцүү байдаг байх. Тэгвэл бүтэн сургуулиараараа, 2000-уулаа хажуу өрөөнд сурна гэдэг ямар байх бол. Баянгол дүүргийн Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38-р сургуулийн хичээлийн байрыг 1956-1960 онд барьсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас 2013 онд а байранд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хийж сургалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоосон байна. Бага ангийн 1-5-р ангийн сурагчид Баянгол дүүргийн 47, 78-р сургууль дээр өнгөрсөн жилийн есдүгээр сарын нэгнээс хойш хичээллэж байна. Харин ахлах ангийн сурагчдын хувьд 22-р сургуулийн бага сургуулийн байрны өргөтгөлрүү нүүжээ. /Үндэсний шуудан 2014.11.17 220/
Сэтгүүлч: Ардын хүүхдүүдийг алагчлахаа болиосой
640 хүүхдийн багтаамжтай сургуулийн нэгдүгээр ангид 500 хүүхэд элсэхээр бүртгүүлсэн жишээнээс нийслэлд сургуулийн хүрэлцээ ямар байгааг харж болно. Харамсалтай нь манай төр засгийнхан, нийслэлийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс үүнийг мэддэггүй, харсан ч хараагүй царайлдаг бололтой. Ашиглалтын хугацаа дуусч хана, тааз нь нурснаас акталж, хаалгыг нь барьсан сургууль, цэцэрлэг нийслэлд 16 байна. Албаны хүмүүс шинэ сургууль барих гэхээр газар олдохгүй байна гэж тайлбарладаг ч үнэн хэрэгтээ шинийг босгох байтугай хуучныг нь ч нураагаад барьчихаж чаддаггүй. Дээрх 16 сургууль цэцэрлэгийн нэг нь ч ашиглалтанд ороогүй нь үүний баталгаа юм. /Өнөөдөр 2014.11.14 264/