Аугаа Д.Нацагдорж энэ өдөр мэндэлжээ
“Манай Монгол улс
Маш эртний улсаа
Монголын яруу түүх
Магад их гэрэлтэй
Гэгээн наран мандсаар
Хангай говийг гийгүүлсэн
Хэдэн мянган жилээс
Бид энд оршсоор...” хэмээн бичиж байсан алдарт Дашдоржийн Нацагдоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиолоо.
Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-ны өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар төржээ. Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч зохиолч, яруу найрагч гэдэг.
Тайжийн хүү тэрбээр багадаа бичиг үсэгт тайлагдсан. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэжээ. 1924 онд 18 настай Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд ч оролцож байжээ.
Д.Нацагдорж нь ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.
Тэрбээр Монгол хүн бүрийн мэдэх "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, “Түүхийн шүлэг”, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ мөнхийн “хөшөө дурсгалаа” босгосон хүн.
Д.Нацагдорж бол Монголын утга зохиолын анхны орчуулагчдын нэг. Тэрбээр оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс анх орчуулсан юм.
Түүний зохиол бүтээлүүд Монголдоо төдийгүй гадаадын олон хэлнээ орчуулагдсан. Бас түүвэр зохиол нь ч ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгдсэн юм.