Монголчуудад зориулсан анхны богино өгүүллэгийн номууд англи хэл дээр хэвлэгдэн гарлаа

2014 оны 11 сарын 10

Хэлтэй бол хөлтэй гэж мон­­гол­чууд бид ярьдаг. Мэ­дээл­­лийн эрин зуунтай хөл ний­лүүлэн алхахад англи хэл­ний зо­хих төвшний мэдлэгтэй байх хэрэгцээ шаардлага бид­ний амьдралд тулгардаг билээ. Дэл­­­хийн хэлээр ярьж, сэтгэх  хэ­рэг­цээг хангах үүднээс бай­гуулагдсан цагаасаа эхлэн  олон ян­зын арга хэмжээнүүдийг са­наач­лан зохион байгуулж ирсэн “Talk talk English” боловсролын төвийн хамт олон өөрийн охин компани болох “Kennedy Cooper Publishing” компанитай хамт­ран ээлжит бэлгээ өргөн ба­рилаа.

Аливаа хэлийг сурах хам­гийн зөв оновчтой арга бол тухайн хэлээр унших бай­даг бөгөөд англи хэл үзэж буй монголчуудын хэлний мэд­лэ­гийг сайжруулах зорилгоор тө­рөл бүрийн сэдвүүдийг хамарсан со­нирхол татам адал явдлаар дүүрэн богино өгүүллэгийн анх­ны цуврал номуудыг англи хэл дээр хэвлэн гаргасан байна. Мэр­гэжлийн англи, австрали багш нарын хүч хөдөлмөрөө шингээн бүтээсэн эдгээр номын нээлтийн ажиллагаа өнгөрсөн баасан гарагт “Интер ном” но­мын их дэлгүүрт боллоо.

Нээл­тийн арга хэмжээнд “Talk talk English” боловсролын төвийн ерөн­хий захирал Ч.Амарсанаа, гүй­цэтгэх захирал Тревор Сай­­рад, “Kennedy Cooper Publishing” компанийн захи­рал Патрик Кеннеди, Соёл спорт аялал жуулчлалын яам­­ны соёл урлагийн газрын дар­­га З.Баянзул, Монгол суд­ла­­лын сургуулийн доктор Н.Бат-Ирээдүй, Монголын үн­­­дэс­­ний номын сангийн дэд за­хи­рал Д.Бямбасүрэн, Олим­­пийн авар­га, Монгол Ул­сын Хө­дөлмөрийн баатар Н.Түвшин­баяр, Олимп, Дэлхийн аварга шал­гаруулах наад­мын хүрэл ме­дальт У.Мөнх-Эрдэнэ нарын эр­хэм хүндтэй хү­мүүс  хүрэлцэн ирсэн юм.

Хүмүүсийн амьдралд то­хиол­дсон бодит амьдрал, дэлхийн түүхэнд мөнхөрч үлдсэн алдартай хүмүүсийн амьд­рал хийгээд тодорхой хэм­жээний хэтрүүлэгтэй со­нирхолтой богино өгүүл­лэгүүдийн номыг гаргахад “Kennedy Cooper Publishing” компанийн захирал Патрик Кеннеди, Күүпер Балтис нарын хүмүүсийн удирдлаган дор “Talk talk English” боловсролын төвийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ.

Монгол хүмүүст зориулсан анхны англи хэл дээр хэвлэгдсэн богино өгүүллэгийн ном учир Монголын түүх соёлыг судлах шаардлага ч мөн тулгарсан талаар “Kennedy Cooper Publishing” компанийн захирал Патрик Кеннеди энэ үеэр ярьсан юм.

Англи хэл мэдлэгийг олж авах гол түлхүүр болдог бөгөөд тэрхүү хэлийг суралцаж буй бүх л насны монголчуудын цүнхний ном болохуйц богино өгүүллэгийн арван ном худалдаанд гарчээ. Гадаад хэл дээр ном унших нь дүрмийн болон үгсийн сангаа баяжуулах хамгийн шилдэг арга гэдэг. Тэгвэл амьдралд өдөр тутам хэрэглэгддэг үг хэллэгүүдийг маш энгийн ойлгомжтойгоор ашиглан эдгээр номуудыг бичсэн  бөгөөд зарим түлхүүр үгнүүдийг цагаан толгойн дарааллаар ном бүрийн арын хуудсанд орчуулгатай нь хэвлэжээ.

Номын ар талд аль төвшний хүн унших боломжтой талаар тайлбартай тул бүх л насныхан өөрийн төвшиндөө тааруулан сонгон унших боломжтой аж. Энэ төрлийн номыг цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэн сар бүр бичиж гаргах төлөвлөгөөтэй байгаа талаар албаныхан дуулгасан юм. Энэ үеэр хүрэлцэн ирсэн зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Ч.Амарсанаа: Англи хэлний таван төвшнөөр бичсэн учир өөрсдийнхөө төвшинд тааруулан сонгон унших боломжтой


“Talk talk English” боловсролын төвийн ерөнхий захирал  

-“talk talk English” боловс­ролын төв хүмүүсийн англи хэлний мэдлэгийг сайжруулж, зөв цэгцтэй мэдлэгийг олгох  үүднээс олон ажлуудыг зохиож ирсэн.

Эдгээр номууд маань бодит амьдрал дээр болсон явдал дээр суурилсан зарим нэг зохиолд нь уран зохиолын хэтрүүлэг оруулж, англи хэлний таван төвшнөөр бичсэн учир өөрсдийнхөө төвшинд тааруулан сонгон унших боломжтойгоороо онцлог юм. Англи хэл болон бусад хэлийг сурахад уншина гэдэг бол хамгийн зөв оновчтой арга байдаг.

Ушсанаараа дүрмийн мэдлэг, үгсийн сан баяжихын дээр англи хэлнийх нь мэдлэг сайжирдаг. Тиймээс “Talk talk English” боловсролын төвийн хамт олон маань монголчуудынхаа хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан,  англи хэл үзэж буй хүмүүсийн цүнхний ном болохуйц богино өгүүллэгийн номуудаа хэвлэн гаргалаа.

Н.Бат-Ирээдүй: Монголын утга зохиолын түүхэнд шинэ үзэгдэл болж байна


Монгол судлалын сургуулийн захирал, доктор

-“talk talk English” боловсролын төв монголчууд өөрсдийнхөө амьдралыг англи хэл дээр унших боломж олгосон олон сайхан номнуудыг хэвлэн гаргаж байгаа явдалд эрдэмтэн хүнийхээ хувьд талархан хүлээн авч байна. Яагаад гэвэл Монголын уран зохиолоос англи хэл дээр гарсан зохиолууд маш цөөхөн байдаг.

Ялангуяа орчин үеийн уран зохиолууд харьцангуй цөөхөн. Эртний уран зохиол бол бүр байхгүй. Англи хэлний мэдлэгээ сайжруулах хамгийн сайн арга бол унших байдаг. Гэхдээ англи хүний сэтгэлгээгээр бичсэн номыг унших нь нэлээд төвөгтэй.

Харин монголчуудын дунд амьдраад өөрсдийнх нь амьдралыг хараад, жинхэнэ бритиш англи хэлээр эдгээр богино өгүүллэгийн номуудыг бичиж гаргасан явдал бол Монголын утга зохиолын түүхэнд шинэ үзэгдэл болж байна.

Д.Бямбасүрэн: Унших дуртай зохиол бүтээлийн нэг болно гэдэгт итгэлтэй байна


Монголын үндэсний номын сангийн дэд захирал

-Манай үндэсний номын сан монголдоо хамгийн том буюу 800 гаруй мянган номтой. Сонирхолтой,  англи хэл дээр бичигдсэн богино өгүүллэгийн номтой болсондоо үнэхээр таатай байна. Уншигчдаас судалгаа авахад ихэнхи нь англи хэлний сурах бичиг,  англи хэлний богино өгүүллэгийн ном дутагдалтай байна.

Энэ чиглэлийн номыг нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлтийг их тавьдаг. “Talk talk English” боловсролын төвийн хамт олны бүтээсэн эдгээр номууд уншигч хүүхэд залуусын маань англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, унших дуртай зохиол бүтээлийн нэг болно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь тэмдэглэхэд, арван жил үзлээ англи хэл сурсангүй гэж ярих хүмүүс олон байдаг. Магадгүй тэдгээр хүмүүсийн мэдлэгт нь нэмэр болж, цүнхний ном эдгээр богино өгүүллэгийн номууд болно гэдэгт итгэлтэй байна.

Англи хэлний аль ч төвшний бүх л насны хүмүүст зориулсан тул өөрийн төвшиндөө тааруулан сонгон унших боломжтойн дээр монголчуудын амьдралд ойр сонирхолтой өгүүллэгүүд уншигч таныг ч нэг ч хором уйдаахгүй гэдгийг амлая. Номууд Интер номын их дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бөгөөд үнийн хувьд 5000-7000 төгрөгийн хооронд байгаа юм байна.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11711
0 эможи
keyboard_arrow_up