ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛЖ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ
Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон дундаж нормативыг үндэслэн бүрэн олгож байгаа билээ. Тэгвэл хувийн хэвшлийн эдгээр цэцэрлэгт суралцагчдын хувьсах зардалд зориулж ирэх 2015 оны төсөвт 17.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал хувийн хэвшлийн нийт 302 цэцэрлэгийн 26826 хүүхдийн хувьсах зардлын мөнгийг тусгажээ.
Дашрамд дуулгахад Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн төлбөртэй нь уялдуулан сургалтын нормативт зардлыг бууруулах байр суурь огт баримтлаагүй гэдгээ мэдэгдсэн. Яамны зүгээс сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал хувь нэмэр оруулж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлсэн юм.