Коосэн сургуулийн бэлтгэл хөтөлбөр нээлтээ хийлээ

2014 оны 10 сарын 21

Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 200 орчим оюутныг Япон улсын Коосэн сургуульд хамруулан сургахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр БШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон Японы талын зочид төлөөлөгчид тус төслийг албан ёсоор нээж, бэлтгэл сургалтын хөтөлбөр буюу 1,5 жил япон хэл болон байгалийн ухааны сургалтад хамрагдаж буй 47 оюутны хичээлийн байр, суралцах орчин зэрэгтэй танилцаж оюутнуудтай уулзсан юм. 

 

-БШУ-ны сайд Л.Гантөмөр:  
Үйлдвэрлэгч улс болж сайн эдийн засагтай орон болохын тулд чадварлаг инженерүүдийг бэлтгэх хэрэгтэй бөгөөд бэлтгэж гаргасан инженерүүд маань улсынхаа хөгжлийг тодорхойлдог, технологийн шинэчлэлийг хийдэг болох ёстой.
Өнөөдөр Коосэн сургуулийн анхны элсэлтийг хүлээн авлаа. Энд маш сайн сурлагатай, ирээдүйтэй залуус элсэн орсонд миний зүгээс маш их баяртай байна. Эдгээр залуус хагас жил Монголдоо хэлний бэлтгэл хийгээд ирэх хавар Японд очиж шалгалт өгнө.
Тэнцвэл бүгдээрээ явна. Харин тэнцээгүй бол их сургуулийнхаа хоёрдугаар курст үргэлжлүүлэн суралцана. Мөн цаашлаад II курсээ төгсөөд Японы их дээд сургуулийн III курст элсэн суралцах боломж нь нээлттэй үлдэх юм. Түүнчлэн энэ арван сардаа багтаагаад МУИС, ШУТИС-ийн нийт арав гаруй багшийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх бэлтгэл ажил хангагдсан бөгөөд цаашид Монгол улсад мэргэжлийн өндөр технологийн сургууль байгуулах төслийн хүрээнд хоёр сая долларын тусламжийг Японы засгийн газраас үзүүлэхээр болсон зэрэг 1000 инженер бэлтгэх төсөл маш амжилттай хэрэгжиж байна. 


-Коосэн бэлтгэл сургуулийн япон хэлний багш Т.Анар:

Тус төслийн хүрээнд япон хэлний гурван багш ажиллаж байна. Элсэгчдэд япон хэлний ахисан шатны мэдлэг олгох зорилготой учраас хичээлийг нэлээд эрчимтэй зааж байгаа. Хүүхдүүдийн ерөнхий түвшин, суралцах чадвар ижил хэмжээнд байгаа учраас дараагийн шалгалтанд тэнцэнэ гэдэгт итгэлтэй байна. 

 

-Намайг Б.Тэлмэн гэдэг. Би цахилгааны инженер болох хүсэлтэй байгаа. Ингэхийн тулд Япон хэлийг анхан шатнаас нь суралцахаар болсон. Цаашдаа мэргэжлээ сайн эзэмшээд энэ төслийн анхны инженерүүдийн нэг болно гэдэгтээ итгэлтэй байна.


-Намайг Ц.Ариунболор гэдэг. Би барилгын инженер мэргэжлээр суралцах зорилготой байгаа. Ингэхийн тулд эхлээд япон хэлний шалгалтаа амжилттай өгөх хэрэгтэй болохоор хичээлдээ шамдаж байна. Төслийн анхны мэргэжилтнүүдийн нэг болно гэдэгтээ итгэлтэй байна.
 

О.Хос-Эрдэнэ: Цахилгааны инженер болохоор бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад байна. Хэлний бэлтгэл болон мэргэжлээрээ суралцах хугацаа нийлээд таван жил орчим сурна. Улс орныхоо хүлээлгэсэн итгэлийг алдахгүй сайн суралцаж ирээд мэдсэн бүхнээ эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшилд зориулах болноо.
 


-Г.Батцогт: Би энэхүү төслийн шууд элсэн суралцах хөтөлбөрт багтсан зургаан оюутны нэг, цахилгааны инженер мэргэжлээр суралцна. Бидэнд ийм сайхан боломжийг олгож байгаад маш их баяртай байна. Төгсөж ирээд улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн бүх чадлаараа хичээн ажиллах болно.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10459
0 эможи
keyboard_arrow_up