Монголчууд Зул сартай танилцсан нь...

Найман зууны тэртээгээс “цагаан”-ы баяр тэмдэглэсэн монголчууд 50 хүрэхгүй жилийн өмнөөс гацуур чимэж эхэлжээ. Яаж өрнийн соёл төв Азийн нүүдэлчдэд ийм хурдан түгэв гэдэг сонин. 1930-иад онд Их зохиолч Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэсэн гэх баримт бий. Ухаандаа, баруунд боловсрол эзэмшээд ирсэн Монгол залуус эх нутагтаа соёлын үрийг тарьж байсан хэрэг. Гэхдээ энэ жижиг “party” их зохиолчийг хэлмэгдүүлэх шалтгаан болсон нь харамсалтай.
Харин төрийн ёслолын хэмжээнд орон даяар тэмдэглэсэн нь арай хожуу буюу 1947 онд байлаа. Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдлагууд тус оны 12 дугаар сарын 31-нд шинэ он гарган их найр хийжээ. Ингэхдээ Монголын анхны бялууг урласан гэх сонирхолтой баримт бий. Зоог гүнцгийн уламжлалыг дагаж “хэвтэж буй хонины хэлбэртэй” бялуу хийж, номын Их хүн Б.Ренчин гуайгаас нэр хайрла хэмээхэд “торт” гэх этгээд зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг тул “бялуу” гэвэл зохилтой гэжээ. Ингэж хөвсгөр, амттай идээ дуудуулах нэртэй болсон түүхтэй. Ер нь шинэ жилийг тэмдэглэх болсон нь олноо өргөгдсөн тооллыг халж, аргын тооллыг ард түмэн ахуй амьдралдаа мөрдөх болсноос үүдэлтэй юм. Мөн Оросын соёл, боловсролын довтолгоо ч хүч өгчээ. Ингэж Монголчууд бялуу, ёолктой давхар танилцжээ.









